"Хүмүүн бичиг" сониныг төрийн албан хаагчдаар захиалуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-01-28 14:04:55
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын захирамжаар Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн аймгийн салбар зөвлөлийг өнгөрсөн 12 дугаар сард байгуулжээ. Салбар зөвлөлийн ажиллах журмыг баталж, хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг боловсруулаад байна.
Монгол хэл, үндэсний бичигтэй холбоотой хууль, тогтоомжуудыг орон нутагт хэрэгжүүлж, төрийн байгууллагууд, хэвлэл мэдээллийн байгууллагад монгол хэлний хэм хэмжээг баримталж байгаа эсэхэд хяналт тавих, 2025 оноос төрийн албыг хос бичигтэй болгохоор заасан Монгол хэлний хуулийг хэрэгжүүлэхэд бэлтгэх нь салбар зөвлөлийн үндсэн зорилго юм. Тиймээс багш нарыг чадавхжуулах, үндэсний бичгээ түгээн дэлгэрүүлж байгаа хүмүүсийг шагнан урамшуулах, төрийн албанд анх орж байгаа иргэдийн хүсэлтийн дагуу Монгол бичгийн сургалт зохион байгуулах, байгууллагуудын нэр хаягийг Монгол бичгээр бичиж байршуулах, Чой.Лувсанжав багшийн нэрэмжит Монгол бичгийн олимпиадыг үргэлжлүүлэн зохион байгуулах зэргийг төлөвлөгөөндөө тусгаад байна. Мөн ойрын хугацаанд хэвлэл мэдээллийн байгууллагуудтай уулзалт хийж, үндэсний хэл бичгийг сурталчлах тухайд нэвтрүүлэг, нийтлэлийн цагтай болно хэмээн аймгийн БСУГ-ын Монгол хэл, уран зохиолын боловсрол хариуцсан мэргэжилтэн Э.Батаа хэллээ.
Үндэсний бичгийг улс орон даяар түгээн дэлгэрүүлэх, сурталчлах ажлыг нэр төртэй гүйцэтгэж буй “Хүмүүн бичиг” сониныг төрийн албан хаагч бүрт захиалуулах, монгол бичгийн хичээл ордог 6-12 дугаар ангийн сурагчдыг дэмжиж ажиллах талаар байгууллагуудад үүрэг даалгавар өгөхөөр ажлын төлөвлөгөөнд тусгалаа. Түүнчлэн Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын 1983 онд баталсан  "Монгол үсгийн дүрмийн толь"-ийн хүрээнд төрийн албан хаагчдаас шалгалт авч, үндэсний хэл, бичгийн чадвараар гарааны үнэлгээ тогтоох ажлыг зохион байгуулах аж. Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн аймгийн салбар зөвлөлийг 10 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, аймгийн Засаг дарга ахлан ажиллахаар болжээ.
Б.Батчимэг
相关新闻