Сэцэн засгийн хошууны хүн амын 209 хуудас бүхий дансны баримт хадгалагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-01-21 19:05:13

Завхан/МОНЦАМЭ/. Одоогийн Завхан аймаг буюу Засагт хан аймгийн дотор хүн ам хийгээд газар нутгийн хэмжээгээрээ томоохонд орох хошуудын нэг нь “Мянган тайжтай түмэн Сартуул” хэмээх Сэцэн Сартуулын хошуу юм. Уг хошуу нь эдүгээгийн Завхан аймгийн Дөрвөлжин, Сонгино, Ургамал, Эрдэнэхайрхан, Яруу, Цэцэн-Уул, Сантмаргац, Түдэвтэй сумын хагас, Увс аймгийн Завхан сумыг хамарч байв. Ингээд энэхүү томоохон хошууны тухай сонирхолтой түүхийн талаарх архивын мэдээллийг хөрвүүлж буй судлаач М.Цогбаяртай уулзаж ярилцлаа. 
-Сайн байна уу? Таныг архивт хадгалагдаж буй Сэцэн Сартуулын хошууны тухай сонирхолтой түүхийг хөрвүүлэн аймгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цувралаар танилцуулж байгааг сонслоо. Яагаад заавал энэ хошууг онцлон мэдээлэл хүргэж эхлэв?
-Миний хувьд анх аймгийн архивын тасгийн гэрээт ажилтнаар ажиллаж байхдаа Архивын тасгийн дарга, судлаач Ш.Даваадэмбэрэлтэй судалгааны ажил хийж байгаад архивын тасгийн сан хөмрөгт Ф-1, Д-1, ХН-1 дугаартай хадгалагдаж байгаа Сэцэн засгийн хошууны хүн амын дансны баримтыг үзээд иргэдэд энэ сонирхолтой түүхийг мэдээлмээр санагдсан. Түүнээс онцолсон юм байхгүй ээ. Манай аймагт арвин түүхтэй хошууд байгаа шүү. Яахав анх “Мянган тайжтай түмэн Сартуул” хэмээх Сэцэн Сартуулын хошууны товч сонирхолтой түүхийг нь иргэдэд хүргэх санаа төрснөөрөө л судалж хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан түүхийг хүргэж байна. Энэхүү баримтыг 1968 оны 12-р сарын 04-нд тухайн үеийн архивын эрхлэгч Ёндон гуай үдэж хавтасласан байсан. Тодруулбал баримтыг хавтасласан нүүрэнд нь “Хүн амын нэрийн данс, үүнд: Архивын материалаа аравны дарга гэж гарна. Чухам аль хушуу сум болох нь: мэдэгдэхгүй байна” хэмээн нэрлэсэн байсан. Баримтны эхний хуудасны зүүн дээд өнцөгт 11,6*11 см харьцаатай жижиг цагаан цаасан дээр хөх бэхээр таталган монгол бичгээр анх данслахдаа бичсэн болов уу гэмээр бичиг бий. Энэ таталган бичгийг гаргахад нэлээд төвөгтэй бөгөөд: -“Үүнийг бичсэн нугалбар цаасанд дарсан тамгыг ажваас Засагт хан аймгийн Сэцэн засгийн хошууг захирах тамга хамаарсан тэмдэгтэй баймуй. Иймээс Сэцэн засаг хошууны хоёр өөр оны хүн амын данс бололтой. Чухам аль сумуудыг тодорхой мэдэл үгүй юм” гэж бичсэн байсан. Тэгэхээр үүнийг бичсэн хүн бүр эрт бичсэн бололтой юм билээ.
-Тухайн баримт хэдэн хуудас байв?
-Баримтыг 26х26 см хэмжээ бүхий улаан шугамтай муутуу цаасыг хамарлан товхиж цагаан өнгийн утсаар үдэж, хар бэхээр бичсэн нийт 209 хуудастай байсан. Эхнээсээ болон хойноосоо хэд хэдэн хуудас дутуу, эхний дөрвөн хуудас нь урагдсан байдалтай ямар нэгэн нэгдсэн товьёог үгүй, өөрөөр хэлбэл бүрэн бус байгаа.
-Тухайн баримтанд хүн амыг бүртгэж бичихдээ ямар байдлаар бичиж хадгалсан байв?
-Баримтанд хүн амыг данслан бичихдээ өрх бүрийг дугаарлан, тухайн хүний нэр, нийгмийн гарал /лам, хар, тайж гэх мэт/, нас, эхнэр, үр хүүхэд тэдний насыг бичих зарчмаар, нэг хуудас цаасанд хойш дөрөв, доошоо 11 нүд шугамдаж бичсэн байсан. Энэ албан дансыг бичигч нь тухайн үеийн монгол бичгийн сонгодог боловсролтой хүн байсан гэдэг нь түүний бичгээс тодорхой харагдаж байсан бөгөөд нарийн бийрээр гаргацтай тогтуун бичсэн нь илт байсан. Энэ баримтыг Засагт хан аймгийн Сэцэн засгийн хошууны хүн амын тооллого гэдгийг батлах бас нэг баримт нь дансыг албан ёсны гэдгийг батламжлан дарсан тамганы дардас юм. Энэ дардас нь 10,6х10,8 см хэмжээтэй ба уг баримтыг аль хошууны болох, хэдэн онд бичсэн зэрэг мэдээллийг агуулж байсан юм. Тамгыг нэг хуудас алгасан дарсан байсан. Тамганы дардас нь: “Засагт хан аймгийн Сэцэн засгийн хошууг захирах тамга” гэсэн үсэгтэй, гол хэсэгт Монгол төрийн бэлгэдэл болсон соёмбыг оруулсан тамга байсан. 1911 онд Монгол Улс Манжаас тусгаарлаж, Богд хаант Монгол Улсыг сэргээн байгуулахад Манжийн үед хэрэглэгдэж байсан хуучин тамгыг хураан авч шинэ тамга олгосон байдаг. Манжийн засаглалын үеийн тамганд Манж, Монголоор бичдэг байсан бол энэ тамга нь дан Монголоор бичээд гол хэсэгт соёмбыг оруулж өгсөн байсан.
-Сэцэн засгийн хошууны хүн амын данс нь хэдээс хэдэн он хүртэл бичигдсэн байв?
-Сэцэн засгийн хошууны хүн амын дансыг 1924-1925 онд жил орчим үргэлжлүүлэн нэгтгэж бичсэн бололтой юм билээ. Баримтын зарим хэсэгт “13-р он, 14-р он 09 сарын 17-ноо нэмсэн” гэсэн үг тааралдаж байсан. Энэ нь 1924, 1925 он юм. Ер нь дорно дахины улс орнууд шинэ хаан солигдоход он тооллоо эхлүүлэн тоолдог жамаар 1911 оныг Олноо өргөгдсөний тэргүүн он хэмээн тоолдог юм. Засагт хан аймаг 1923 оноос Хантайшир уулын аймаг гэж нэрлэгдэх болсон бөгөөд энэ баримт 1924-1925 онд бичигдсэн атал тамга нь Засагт хан аймгийн Сэцэн засгийн хошууг захирах тамга гэсэн байгаа юм. Энэ нь 1923 онд хэдий нэр солигдсон боловч шинэ тамга цутгагдан олгогдоогүй байсан байж болох юм. Монгол улс 1918, 1923-1925 онд нийт улсын хүн ам, мал хөрөнгийн тооллого явуулсан байдаг юм. Энэ тооллогыг Засагт хан аймагт 1923 оны 06 сараас эхлэн явуулж, аймаг хошуудад тооллогын комисс байгуулж, аймгаас хошуудад тусгай хөндлөнгийн төлөөлөгч томилон нэлээд хатуу хяналттай гүйцэтгэсэн байгаа юм. Энэ үеийн Засагт хан аймгийн Сэцэн Сартуул хошуунд  2264 бүр өрх, 45 баг, арван гэр 226, лам банди 1221, хар хүн 3974, эмс охид 4540 гэхчлэн

Бүр өрх

Баг

Арван гэр

Лам банди

Хар хүн

Эмс охид

Бүх хүн ам

Адуу

Тэмээ

Үхэр

Хонь

Бүх бод

2264

45

226

1221

3974

4540

9744

8956

1505

7924

62365

32363

тоологдсон байх юм. Энэ бол 1923 оны хүн ам, малын тооллогын тоо юм. 1923-1925 онд хэд хэдэн удаа тоолж дээш мэдүүлсэн байдаг ба дээрхи тооллогын баримт нь 1924-1925 онд тоологдсон баримт юм. Сан хөмрөгийн Ф-1, Д-1, ХН-2 дугаартай хадгалагдаж байгаа баримт нь энэ тооллогын дансны хуулбар нь бөгөөд үг үсэггүй таарч байсан. Нэгдүгээр баримтыг бодвол 258 хуудастай уранхай хуудсыг нөхвөрлөж байгаагаараа үнэ цэнэтэй баримт болж байгаа. Энэ баримтны эхний хуудасны дээд хэсэгт /11,8*11/1-р баримтны адил Монгол бичгээр татлан бичсэн байх ба “Үүнийг бичсэн нугалбар цаасанд дарсан тамгыг ажихад Засагт хан аймгийн Сэцэн засгийн хошуу захирах тамга хэмээсэн үсэгтэй баймуй. Иймээс Сэцэн засгийн хошууны аль сумыг мэдсэн үгүй хүн амын данс бололтой юм. Би энд хүүхэд байж, 13-р оны бололтой.” гэж бичиж хадгалсан байсан. Энэ бичсэн хүнээс нэлээд дараа бололтой тосон балаар “Данснаас одоогийн Сантмаргац сумын хүмсүүд лав хамаатай. Олон сумуудын хүн амын бүртгэл бололтой. Сандажий” гэж хожуу бичсэн байна билээ.  Энэ үед Сэцэн Сартуулын хошуу  харьяа олон сум, арван гэрүүдээс бүртгэлийн нугалбар бичгийг авч нэгтгэн бичиж байсан бололтой юм. 2-р дансны 59-р хуудсанд нэгэн бичиг хавчуулсан байсан. Энэ бичигт: “Манлай сумын өгөн мэдүүлсэн цэсийг одоогийн үйлдсэн цэс луга нийлүүлэн байцааваас....эдгээр арван өрхийг илүүтгэн бичсэн амуй” гэж бичсэн байсан. Энэ дансанд нийт 2432 өрх бүртгэгдсэн байсан. Энэ дансанд олон зуун тайж нарын нэр гарч байсан.  Тухайлбал 250-р хуудсанд нь “Ачит хутагт” Ванчиндорж нас 9 гэж гарч байсан. Энэ нь Ачит хутагтын 3-р үеийн хувилгаан бөгөөд 1918 онд Богд хаан соёрхон ачит хутагтын дүр мөн хэмээн өргөмжилсөн байдаг. Улмаар 1919 онд улсын санд 1600 лан мөнгө өргөж харавтар улаан жолоогоор шагнагдаж байсан Ачит хутагт Ванчиндорж 1937 онд хэлмэгдэн цаазлагдсан түүхтэй хэмээн Улс төрийн хэлмэгдэсдийн цагаан номын 76-р талд Хасын Вандандорж 1915-1937 он нас 22 Завхан Чандмана гэж тэмдэглэгдсэн бол энэхүү Сэцэн Сартуулын хошууны хүн амын дансанд Ванчиндорж гэж бичигдсэн байх жишээтэй.
-Сартуул хошуу дотроо засаг захиргааны хувьд хэд хуваагдаж байсан юм бол?

-Энэхүү баримтанд бичигдсэнээр Сартуул хошуу нь дотроо үндсэн 18 бүлэг, дөрвөн шавь, 13 отогт хуваагддаг байсан юм билээ. Үүнийг дэлгэрүүлбэл Чимиддоржийн бүлэг, Ренчинванжилын бүлэг, Зоонойн бүлэг, Өлзий-Очирын бүлэг, Жанжинхүүгийн бүлэг, Чулуунбаатарын бүлэг, Цагаан ламын бүлэг, Батжавын бүлэг, Хатиганы бүлэг, Зонройн бүлэг, Баянбатын бүлэг, Туслагчийн бүлэг, Шархүүгийн бүлэг, Чондонгийн бүлэг, Өнөхишигийн бүлэг, Базарваанчигийн бүлэг, Араашжавын бүлэг, Эрэндогнын бүлэг эдгээр юм. Мөн энэхүү 18 бүлэг нь хар шар гэсэн хоёр хэсэгт хуваагдах бөгөөд шарын бүлэг нь дотроо Ачит хутагтын шавь, Билэгт хутагтын шавь, Номч хутагтын шавь, Гаа номын шавь гэсэн дөрвөн шавьд хуваагддаг байж. Үүнээс гадна  Сартуул Сэцэн вангийн хошуу нь 14 отогтой. Үүнд  Алаг адуун, Саарал адуун, Дархчууд, Ламын шавь, Хотгор, Дарви, Хөтөч, Барга, Урианхай, Булган, Хороо, Долоон, Хөтчин гэсэн отгуудтай байсан байна. 1923 оны байдлаар Сэцэн вангийн хошуу нь Харилт, Онолт, Өлзийт, Мэргэнт, Манлай, Баянгол, Бат, Бадрах, Бадрангуй, Дэлгэрэх, Саруул, Бүтэмж, Цогт, Оргих, Билэгт, Нэмэх, Тогтох хэмээх 17 сум болж засаг даргаар нь Н.Жалчингомбоцэдэн ноёныг олны саналаар сонгож байсан юм билээ. Сүүлийн үед хүн бүр өөрсдийн уг удам, овгоо сэргээж байгаа өнөө үед энэ баримт нь Завханчуудад чухал баримт болж байгаа нь энэхүү баримтыг үнэ цэнэтэй болгож байгаа юм. Тиймээс иргэд өөрсдийн овог, удам угсаагаа мэдье гэвэл архивын сонирхолтой баримтуудыг шүүн тунгааж үзэх хэрэгтэй.

Б.Мягмарсүрэн        

相关新闻