Сүхбаатар сум нохой устгалын ажилд 20 сая төгрөг зарцуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-01-19 14:12:33
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Сүхбаатар сумын хэмжээнд нохой устгалын ажлыг өөр хэлбэрээр зохион байгуулахаар шийдвэрлэжээ.
Сүхбаатар сум эл ажлаа өмнөх жилүүдэд зөвхөн хавар, намрын улиралд хэсэгчилсэн байдлаар хийдэг байсан юм. Тэгвэл энэ удаа арай өөр хэлбэрийг сонгож,  жилийн дөрвөн улиралд буюу жил бүрийн 1-р сарын 1-нээс 12-р сарын 25 хүртэл хийж байхаар хурлаас шийдвэрлэжээ. Энэхүү ажилд сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөс 20 сая төгрөг зарцуулахаар төсөвлөн Сүхбаатар суманд үйл ажиллагаагаа явуулдаг “ИЗИ” ХХК-тай хамтарч гүйцэтгэхээр гэрээ хийсэн байна.
Нохойг устгахдаа гадуур тэнэж яваа золбин нохойг устгахаас гадна багийн Засаг дарга, иргэдийн дуудлагаар очиж устгах ажлыг хийдэг ажээ. Зарим иргэдээс гэрийн тэжээмэл нохой устгасан гэсэн гомдол мэдээлэл ирдэг гэнэ. Иймээс аймгийн цагдаагийн газарт мэдээллээ өгч, багийн дарга нарын мэдээллийн дагуу албан ёсны зөвшөөрөл авч устгах ажлыг хийх болно хэмээн сумын Засаг дарга Т.Гантулга хэллээ. Өмнө нь Сэлэнгэ аймгийн тухайд мэргэжлийн анчид байдаггүй учраас Улаанбаатар хотоос нохой устгалын багийнханыг дуудан ирүүлж гэрээ хийн ажиллуулдаг байсан байна. Хэдийгээр жил бүр тодорхой хөрөнгө зараад нохой устгалын ажлыг хийдэг боловч тодорхой үр дүнд хүрдэггүй байна. Энэ нь нохой нэг удаа төрөхдөө хамгийн багадаа 2-3 түүнээс ч илүү олон гөлөг төрүүлдэг учраас устгаж буй нохойноос даруй хоёр дахин их болж өсдөг үр дагавар нөлөөлж байгаа аж. Одоо Сүхбаатар суманд нохой устгалын ажил хийгдэх гэж байгаа учраас айл өрхүүд нохойгоо сул тавихгүй, хашаандаа уях, хашаанаасаа гаргахгүй байхыг сануулж байна. Мөн хүзүүвчтэй ч сул явж буй нөхцөлд нохойг устгах ажээ. 
Ч.Отгонцэцэг
相关新闻