Домогт ялалтын 75 жилийн ойн баярт Сэлэнгийн ахмадууд оролцохоор болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-01-19 14:05:26
Сэлэнгэ /МОНЦАМЭ/.  ОХУ-ын Буриад улсын Хиагт хотод ирэх сарын 2-нд болох Аугаа их Эх орны дайны хамгийн гарамгай үйл явдал болсон Сталинградын домогт ялалтын 75 жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагаанд Сэлэнгэ аймгийн ахмадууд оролцохоор болжээ.
Сэлэнгэ аймгийн Ахмадын хорооны дарга Р.Ганхуяг тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 16-ны өдөр ОХУ-ын Буриад улсын Хиагт хотод болсон ахмадуудын ажил хэрэгч уулзалтанд оролцоод иржээ. Энэхүү уулзалтын хүрээнд болсон ярилцлагын үеэр Сэлэнгэ аймгийн ахмадын хорооны дарга Р.Ганхуяг, Хиагтын ахмадын хорооны дарга Очиров Ц.Р нар харилцан тохиролцож, Аугаа их Эх орны дайны хамгийн гарамгай үйл явдал болсон Сталинградын домогт ялалтын 75 жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагаанд Монгол Улсаас ахмадуудыг урилгаар оролцуулах болсон байна. Энэ ажлын хүрээнд ахмад дайчидтай уулзалт зохион байгуулах, агуу ялалтын тухай өөрийн орны хэвлэл мэдээлэлийн хэрэгслэлээр сурталчлах, зурагт хуудас самбар байрлуулах зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулах юм байна.
Ч.Отгонцэцэг
相关新闻