Шинэ оны анхны буюу Хацү башёд Монголын 22 бөх хүч үзэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-01-15 11:18:32
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сүмо бөхийн 2018 оны анхны буюу Хацү башё өнгөрсөн ням гарагт эхэлсэн бөгөөд нэгдүгээр сарын башёд Монголын 22 бөх барилдаж байна.

Кюүшюү башё буюу 2017 оны 11 дүгээр сарын тэмцээнд 40 дэх түрүүгээ авсан 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал энэ өдөр залуу бөх Оношог дэвжээний захад зайлж татан давлаа. Маргааш Их аварга Хакүхо Маэгашира Ичиножёо А.Ичинноровтой барилдана.

Харин 72 дахь Их аварга /Ёкозүна/ Кисеносато эхний өдөр Комүсүби Такакейшёод уналаа. Башёг унаагаар эхлүүлсэн түүний хувьд бэртэл нь төдийлөн сайн эдгээгүй бололтой. Кисеносато маргааш Хокутофүжитэй барилдана.

Мэргэжлийн сумогийн 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд урамтай сайхан барилдаж Хокутофүжиг давсанаар эхний даваагаа авлаа. Тэрбээр бэртлийн улмаас 4 башё өнжөөд байсан юм. Маргааш Какүрюү аварга, Комүсүби Такакейшёотой барилдана. Энэ өдөр Озэки Гоэйдо Ичиножёог давсан бол Такаясү Ёшиказегаар эхний даваагаа авсан байна.

Сэкиваке Митаекүми Котошёогикүг, Тамаваши Чиёотайрюүг тус тус давлаа. Манай бөх Тамаваши Б.Мөнх-Оргил гурван башёгийн дараа Сэкивакэ цолоо эргүүлэн авсан бөгөөд маргааш Ёшиказетэй барилдана. Араваши Э.Дөлгөөн, Окиноумиг даван эхний даваагаа авсан юм. Тэрбээр, маргааш Точиношинтой хүч үзнэ. Мөн Чиёошома Г.Мөнхсайхан Маэгаширагийн долоогоос барилдаж, Икиогоор эхний даваагаа авсан. Маргааш Такарафүжитэй барилдана. Маэгаширагийн 10-аас барилдаж буй Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Чиёомаруд өвдөг шороодлоо.

Хацү башёгийн Жюүрёо зиндаанд манай 5 бөх барилдаж байгаа бол Макүшита зиндаанд 6, Жонидан зиндаанд 2 бөх барилдаж байна. Н.Жамъян аваргын удмын бөх Г.Батбаяр харцагын хүү Б.Анхбаяр анх удаа Жонокүчи зиндаанд барилдаж байна.

Д.Өлзий
相关新闻