“Лос-Анжелес-2028” Олимпын чансааны оноог 372 тамирчинд олгохоор болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-06-13 09:08:25

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Унгарын нийслэл Будапешт хотод Олон улсын жүдо бөхийн холбооны чуулган болж байна.


Чуулганаар холбооны тэргүүний сонгуулийг явуулж, Мариус Визерийг зургаа дахь удаагаа дахин сонголоо. Ингэснээр тэр дахин дөрвөн жил Олон улсын жүдо бөхийн холбоог удирдахаар болов. Чуулганаар мөн 2025-2029 онд ажиллах Гүйцэтгэх зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгон баталжээ. Гүйцэтгэх зөвлөлийн бүрэлдэхүүнд Япон, Франц, Узбекистанаас тус бүр хоёр Мальта, Чех, Испани, Замби, Унгар, Румын, Алжир, Словениос тус бүр нэг төлөөлөгч багтсан байна.


Тус хурлаар 2026, 2027, 2028 онд ДАШТ-ийг хүлээн авах улсуудыг танилцуулсан бөгөөд "Лос-Анжелес 2028"  Олимпын жилийн ДАШТ-ийг Бахрейн улсад зохион байгуулахаар хэлэлцээрийн түвшинд явж байна. Үүнээс гадна тамирчдын дэлхий болон Олимпын чансааг тооцоолох журмыг танилцуулав. Олон улсын жүдо бөхийн холбоонд 177 орны 10 291 тамирчин чансааны оноотой яваа бөгөөд үүнээс 372 тамирчинд Лос-Анжелесын Олимпын оноо олгох ажээ. Түүнчлэн Шүүгчдийн ерөнхий зөвлөл, Санхүүгийн хэлтэс, тивүүдийн холбоод өнгөрсөн хоёр жилийн тайлангаа танилцуулсан байна.


Олон улсын жүдо бөхийн холбооны ээлжит чуулганд манай улсаас Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батгэрэл, үндэсний шигшээ багийн менежер Г.Болор нар оролцжээ. 





相关新闻