Баянгол сум зүрхний зөөврийн аппараттай болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-01-12 23:38:32
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Улиран одсон 2017 оны сүүлээр эхэлсэн Сэлэнгэ аймгийн хэмжээнд өрнөж буй “Халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлэг, сумын эрүүл мэндийн мэдээллийн цахим санг бүрдүүлэх цогц үзлэг оношлогоо”-ны ажил энэ жил Баянгол сумаар үргэлжилж байна.
Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн салбарын 45 эмч эмнэлгийн ажилчид тус Баянгол суманд энэ сарын 12-ноос 16-ны өдрүүдэд ажиллаж байна. Тус арга хэмжээний нээлт өнөөдөр Баянгол суманд болж аймгийн Засаг дарга Ш.Оргил, Эрүүл мэндийн газрын дарга Ж.Од, Баянгол сумын Засаг дарга С.Ариунбат нарын албаны хүмүүс ЭМТ-ийн ажилтан албан хаагчид, ард иргэд оролцлоо. Нээлтийн үеэр аймгийн Засаг дарга Ш.Оргил сумын ЭМТ-д эхо, зүрхний зөөврийн аппарат бэлэглэж, хүн ардаа эрүүлжүүлэх их үйлсэд нь амжилт хүслээ. Аймгийн Засаг даргын зүгээс ард иргэдээ өвдсөн хойно нь бус өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоог идэвхжүүлэн, иргэн нэг бүрийг хамруулах зорилго тавин ажиллаж байгаа юм. Аймгийн эрүүл мэндийн газраас зохион байгуулж байгаа энэхүү цогц үзлэг оношлогоог өнгөрсөн оны сүүлчээр Хушаат, Хүдэр сумдад амжилттай зохион байгуулсан билээ.
Ч.Отгонцэцэг
相关新闻