16 настай охид хөвгүүд иргэний андгай өргөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2015-11-19 16:04:58

Эв нэгдэл, эрх чөлөөг дээдлэн, өвөг дээдсийн өндөр цадигтай, өнөд мандах Монголынхоо төлөө, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм, хөгжил дүүрэн шударга амьдралын төлөө эрдэм боловсролтой, энэрэнгүй журамт иргэн байж дэлхийн энгээр Монгол нэрийг сайнаар бадраасан иргэн байхаа ард түмэндээ андгайлж байна хэмээн 16 настай охид, хөвгүүд андгай өргөв.

16 нас хүрч Монгол Улсынхаа иргэний үнэмлэхийг гардан авах 350 гаруй охид, хөвгүүд Дундговь аймагт байна. Тэдний төлөөлөл болж 30 хүүхэд аймгийн ёслол хүндэтгэлийн өргөөнд ийнхүү иргэний андгай өргөсөн юм.  

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Монголын Залуучуудын холбоо зохион байгуулдаг иргэний андгай өргөх ёслолыг Дундговь аймагт мөн уламжлан зохион байгуулж ирсэн байна. Энэ удаагийн ёслолд аймгийн ИТХ- ын дарга С. Буджав, аймгийн Засаг дарга С. Од- Эрдэнэ нар оролцож, охид хөвгүүдэд хандан үг хэлэхдээ, эх орондоо ихийг цогцлоон бүтээх иргэн хүн болж байгаад нь баяр хүргэж, бүтээгч залуусын эгнээ өргөжин тэлж байгааг онцлоод сурлагын амжилт хүсэв.

Дундговь. Т. Отгонтуяа

相关新闻