Сэлэнгийн багш “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааны түрүүг дахин авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-01-09 12:19:02
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Хөтөл сумын ерөнхий боловсролын сургуулийн багш Ж.Гэрэлмаа  Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн “Хүмүүн бичиг” сониноос жил бүр зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааны түрүүг дахин авлаа.
Монгол бичиг бол эвхэж, хээлж, зурж, таталгаж болдгоороо бусад бичгээс онцлог, давуу талтай. Энэхүү онцлогийг харуулах, оролцогчдын уран сэтгэмжийг хөгжүүлэх зорилго бүхий “Бичлэгийн бус бүтээл”-ийн ангилалд Сэлэнгэ аймгийн Хөтөл сумын ерөнхий боловсролын сургуулийн багш Ж.Гэрэлмаа “Монгол гэр” бүтээлээрээ тэргүүн байранд шалгарчээ. Энэхүү бүтээлд Монгол бичгийн хана, өрх, хаалганаас эхлээд авдар, ор зэрэгт 70 гаруй Монгол ерөөлийн үгсийг дөрвөлжин бичиг, угалзан бичгээр буулгасан байна. Тэрээр 2015 онд сийлбэртэй авдар бүтээлээрээ эл уралдааны тэргүүн байрын шагналыг хүртэж байсан билээ. Мөн энэхүү “Монголын сайхан бичигтэн” уралдааны хамгийн залуу оролцогч нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөлийн ерөнхий боловсролын сургуулийн 3 “д” ангийн сурагч Э.Энхгэрэл, А.Эмүжин, Г.Янжиндулам нар байв.
“Монголын сайхан бичигтэн” улсын уралдаан энэ удаад 21 дэх жилдээ шилдгүүдээ тодруулсан юм. Их эзэн Чингис хааны үеэс улбаатай Монгол бичгийг ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий энэхүү уралдаанд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс 1000 гаруй оролцогч бүтээлээ ирүүлж, Сайхан бичигтэн анги, 12 дугаар ангийн сурагчид, Бичлэгийн бус бүтээл, Мэргэжлийн багш нар, 1-11 дүгээр ангийн сурагчид болон Уран бичлэг, Насанд хүрэгчид гэсэн долоон төрлөөр шилдгүүдээ тодруулсан байна.
Ч.Отгонцэцэг
相关新闻