Мод ашигласан аж ахуйн нэгжүүд 240-өөд га талбайд ойжуулалт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-01-08 21:52:33
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ойн сангаас мод бэлтгэх аж ахуйн нэгжүүд энэ онд 239,2 га талбайд ойжуулалтын ажил хийхээр төлөвлөөд байна. Үйлдвэрлэлийн зориулалтаар мод ашигласан болон ойн арчилгаа цэвэрлэгээний журмаар огтлолт хийж бэлтгэсэн 100 шоометр мод тутамд 1,5 га талбайгаар тооцон ойжуулалт хийх журамтай юм.
Энэ жил 117,4 мянган шоометр мод бэлтгэх аж ахуйн нэгжүүдийг ойжуулалтын ажилд 166,2 сая төгрөг зарцуулах шаардлагатай гэж тооцжээ.
- Хэрэгцээний мод бэлтгэгч аж ахуйн нэгж байгууллагын ойжуулалтын ажлын зардлын тал хувийг Байгаль хамгаалах санд төвлөрүүлэх бөгөөд хавар зайлшгүй тарилтын ажлыг гүйцэтгүүлж, намар нөхөн тарилтыг хийлгэж, аймаг сумын комисс хүлээж авна. Тухайн байгууллагын тарьсан суулгацны амьдралт 75-аас дээш хувьтай байвал байгаль хамгаалах санд төвлөрүүлсэн хөрөнгийг буцаан олгодог. Ойжуулалтыг чанаргүй хийсэн тохиолдолд хөрөнгийг буцаан олгохгүй, тендер зарлаж, мэргэжлийн байгууллагаар энэ ажлыг гүйцэтгүүлнэ гэж аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Б.Отгонжаргал ярилаа.
Харин иргэдийн авсан хэрэгцээний модны хэмжээнд ногдох ойжуулалтын хөрөнгийг тухайн сумын ЗДТГ төвлөрүүлэн тендер зарлаж ойжуулалт хийх  юм байна.
М.Батжаргал
相关新闻