Завханд махны үнэ нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймагт шинэ он гарсаар хэрэглээний барааны үнэ өсчээ. Тухайлбал мах, сүү, сүүн бүтээгдэхүүн хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөн байна. Оны өмнө нэг кг нь 5000-аар зарагдаж байсан хонины мах өнөөдөр 1 кг нь 6000 төгрөгт хүрчээ.
Мөн ямааны мах нэг кг нь 4000-4500 төгрөг адуу, үхрийн мах мөн л 500-1000 төгрөгөөр нэмэгджээ. Түүнчлэн ааруул, сүү, зөөхий гэхчлэн цагаан идээний үнэ 1000-2000 төгрөгөөр нэмэгджээ. Харин бөс бараа болон бэлэн хувцасны үнэ тогтвортой байна.
Удахгүй болох цагаан сарыг угтаж ингэж хүнсний бүтээгдэхүүний үнийг худалдаачид дураараа нэмдэг асуудлыг цэгцлэх хэрэгтэй хэмээн иргэд гомдол гаргажээ. Харин аймгийн МХГ, болон холбогдох худалдааны төвүүд болон сумын ЗДТГ-аас худалдаа эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүний үнэ тарифыг тогтоох эрх байхгүй. Энэ бол зах зээлийн зарчим хэмээн мэдээлэл өгчээ.
Дашрамд өнгөрсөн жил Завхан аймагт хэрэглээний бараа, үйлчилгээний ерөнхий индекс 127.7 хувь болж өнгөрсөн оноос хэрэглээний бараа үйлчилгээний үнэ ханш 27.7 хувиар өссөн дүнтэй байна. Үүнд хүнс, хувцас бөс бараа, согтууруулах ундаа, орон сууц, ус, цахилгаан, гэр ахуйн тавилга, хэрэгсэл, эм, тариа, тээвэр, холбоо, боловсролын үйлчилгээний салбаруудад 1.2-4.9 хувиар өссөн гэсэн мэдээллийг аймгийн Статистикийн хэлтсээс өгч байна.
Б.Мягмарсүрэн