Энэ онд Арвайхээр хотын цэвэрлэх байгууламжийг шинэчлэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-01-08 11:17:43
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн төвийн цэвэрлэх байгууламжийг солих, шинээр байгуулах ажлыг энэ онд эхлүүлэх гэж байна. Арвайхээр суманд Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар 3000 м/3 хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийг байгуулахаар сонгон шалгаруулалтыг зарласан бөгөөд ажлыг 3 сараас эхлүүлж, 2019 онд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа юм.
Цэвэрлэх байгууламжийг дэлхийд инженерийн байгууламжаараа тэргүүлдэг Герман улсын технологи болох био өнгөр тогтоогч бүхий идэвхит лагийн технологиор гүйцэтгэх бөгөөд ашиглалтын зардал өндөр гарах хэдий ч орон нутгийн үзэмж, эрүүл ахуйд нийцсэн байх нь илүү чухал гэдгийг албаныхан хэлж байв. Тодруулбал цэвэрлэх байгууламжийн ус цэвэрлэгээний чанар, аюулгүй байдлын үзүүлэлт нь стандартын шаардлага хангаж, хөрс, агаараар дамжин байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөнөөс бүрэн ангижирах, цэвэршүүлсэн усны үзүүлэлт MNS4943-2015 стандартын шаардлагад бүрэн нийцэх зэрэг олон ач холбогдолтой аж.
Арвайхээр сумын хуучин цэвэрлэх байгууламжийг 1976 онд ЗХУ-ын тусламжтайгаар байгуулж байсан ба тоног төхөөрөмж нь хуучран, ачаалалаа дийлэхээ болин, стандартын шаардлага хангахгүй болж, иргэдийн суурьшилд ойртсон зэргээс шалтгаалж шинэчлэхээр болжээ.
Арвайхээр сумын айл өрхүүд 700-800 м/3, оргил үедээ 1000-1100 м/3 бохирыг өдөрт гаргадаг байна.
Б.Батчимэг
相关新闻