"Хэнийг ч орхигдуулахгүй тусламж" үйлчилгээг амжилттай хэрэгжүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-01-08 11:16:14
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн эрүүл мэндийн салбарт 2017 оныг "Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлаж, “Бид хэнийг ч орхигдуулахгүй найрсаг тусламжийг үзүүлнэ” уриаг дэвшүүлэн ажилласан. Тухайн жилд 8 зорилт, 48 үйл ажиллагааг төлөвлөн  төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын хэмжээнд амжилттай хэрэгжүүлсэн байна.
Тухайлбал өнгөрөгч онд эхийн эндэгдэл гаргаагүй, 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл урьд оноос 29.2 хувиар, нялхсын эндэгдэл 21.9 хувиар буурсан, жирэмсний эрт үеийн хяналт 88.7 хувьд хүрсэн, 17 төрлийн 1114 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, энэ нь урьд оноос 1088 тохиолдлоор буурсан, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд зорилтот бүлгийн иргэдийн 69 хувийг хамруулсан зэрэг амжилтуудыг гарган ажиллажээ.
Мөн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын "Эмч клубын" үйл ажиллагаа, Нарны алхалт, Дугуйн парад, Авто машингүй иргэдийн явган парад, 100 цагаан нөмрөгтөний гар угаах бүжиг, Ажлын байрны дасгал зэрэг олон нийтийг хамруулсан үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж хэвшсэн нь бусад аймгуудад сайн туршлага болоод байгаа юм.
Б.Батчимэг
相关新闻