Гал түймэрт байшингаа алдсан Б.Ариунболдод мөнгөн тусламж үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-01-06 13:21:51
Ховд /МОНЦАМЭ/ Аймгийн Онцгой комиссын дарга, Засаг дарга Д.Галсандондог, аймгийн Онцгой байдлын газрын дарга Б.Алтанбадралт нар Жаргалант сумын Бугат багийн иргэн Б.Ариунболд түүний гэр бүлийнхэнтэй уулзаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, аймгийн Онцгой комиссын даргын шийдвэрээр тус айлд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэжээ.
Мөн ХХҮХ-ийн зүгээс гал түймэрт өртсөн айл өрхөд олгох журмын дагуу мөн 1,2 сая төгрөг олгох юм байна. Б.Ариунболд нь Ховд дулааны станцад ажилладаг бөгөөд байгууллага хамт олных нь зүгээс 1,6 сая төгрөгийн мөнгөн тусламж болон эд материалын болон бусад зүйлсээр тусалж байгаа аж.
Б.Ариунболдынх өнгөрсөн оны 12 сарын 30-нд цахилгааны улмаас гал түймэрт өртсөн байна. Тухайн өдөр гэрт нь 5-6 настай хоёр хүүхэд байсан бөгөөд тэд гал гарч эхлэнгүүт яаралтай гэрээс гарч ээж рүүгээ утасдан мэдэгдсэнээр хүүхдүүд галын аюулаас холуур өнгөрчээ.
Гал гарсан дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид шуурхай арга хэмжээ авчээ. Азаар хүүхдүүд эсэн мэнд үлдсэн ч гэрийн доторх тавилга хэрэгсэл болон байшингийн дотор хэсгийн хоёр өрөө галд өртөж өвлийн ид хүйтэн эхэлсэн энэ хүнд үед орон гэргүй болжээ. Одоогоор иргэн Б.Ариунболдынх айлын гэрт түр байрлаж байгаа юм байна. 
Өвлийн энэ хүйтэнд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд бага насны хүүхдүүдээ ямар нэгэн байдлаар хараа хяналтгүй, гэртээ үлдээхгүй байхыг аймгийн Онцгой комиссын зүгээс анхааруулж байна.
                                                                                                                                                                                                                                                                                                                                      А.Бямбасүрэн
相关新闻