Цас хайлуулах давсны нөөц дуусчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-01-04 09:34:17

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Өлгий сумын Хот тохижуулах алба 2017-2018 оны өвөл аймгийн төвийн замын цасыг хайлуулахад зориулж 6 тонн давс нөөцөлсөн аж. Гэвч шинэ жилийн баярын үеэр орсон цасыг цэвэрлэх явцад дээрх нөөцөө бүгдийг нь дуусгасан талаар албаны эх сурвалж мэдээллээ.

Сүүлийн өдрүүдэд цаг агаар эрс хүйтэрч, хялмаалж байгаа нь гүйцэд цэвэрлэж амжаагүй замд халтиргаа гулгаа үүсгэж байна. Тийм учраас нэмж 10 тонн давс худалдаж авахад шаардагдах хөрөнгийг яаралтай шийдвэрлэж өгөхийг өчигдөр аймгийн удирдлагуудаас хүссэн байна.

Өлгий хот нь орон нутгийн чанартай 14 км, улсын чанартай 10 км замтай юм. Журмаараа улсын чанартай замын арчилгаа, цэвэрлэгээг хувийн компани хариуцах ёстой ч одоогоор хот доторх бүх замын цэвэрлэгээг Хот тохижуулах алба гүйцэтгэж байгаа ажээ. Түүнчлэн зориулалтын техник байхгүй тул цасыг гар багажаар цэвэрлэж, давсыг ч гараар цацдаг байна. 


Ө.Нурболат

相关新闻