С.Эрдэнэ: Монгол Улсын хөгжлийн тодорхойлсон хүчирхэг улс төрийн нам болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2017-12-30 14:28:06
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны II хуралдаан Төрийн ордонд 70 хувийн ирцтэйгээр эхэллээ.

Хуралдааны эхэнд АН-ын дарга С.Эрдэнэ улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар товч мэдээлэл хийв. Тэрбээр, “2012-2016 онд улс орны нийгэм, эдийн засгийн байдал хүнд байсан. Тухайн үед бид ард түмнийхээ нуруунд ачаа үүрүүлэх бус тодорхой бодлого гаргаж, зөв ажилласан. Сүүлийн үед Монгол Улсын эдийн засаг сайжирч байгаа. Энэ нь гадаад зах зээл дээрх ашигт малтмалын үнийн өсөлттэй холбоотой. Эрх баригчид эдийн засгийн ийм таатай нөхцөлд ажиллаж чадахгүй байна. Энэ үед АН ард түмний нуруун дээрх хүнд ачааг бууруулах талаар бодлого гаргаж, цаашид Монгол Улсын хөгжлийг тодорхойлсон хүчирхэг улс төрийн нам болж, эв нэгдэлтэй зангидсан гар шиг ажиллах ёстой” хэмээв.

Үүний дараа Үндэсний бодлогын хорооны шинэ гишүүдэд үнэмлэх гардууллаа. Мөн Үзэл баримтлалын төслийг АЗХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэболд танилцуулав. Тус төсөлд үзэл баримтлалын хамрах хүрээг хөгжлийн үзэл, төрийн тогтолцооны үзэл, үндэсний эдийн засгийн цогцолбор үзэл, иргэдээ дээдлэн хүндэлж тэдний төлөө үйлчлэх үзэл, найрсаг найдвартай ухаалаг гадаад харилцааны үзэл зэрэг найман хэсгээр томъёолжээ. Харин одоо хуралдаанаар 2017 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж байна.

Ч.Ариунболд
相关新闻