Сургууль, цэцэрлэгүүдийн хөрөнгө оруулалт нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2017-12-27 21:53:52

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн тухайд энэ онд боловсролын салбарт багагүй хөрөнгө оруулалт хийгджээ. Баян-Уул сумын 640, Алтай сумын 240, Бугат сумын 320 хүүхдийн сургуулийн шинэ барилгыг ашиглалтад оруулж, 1200 хүүхдийн суралцах орчин шинээр бүрдэж, 400 хүүхдийн суудлаар хүчин чадлыг нэмэгдүүлжээ.
Мөн Есөнбулаг сумын 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилгыг 2017 онд 1.7 тэрбум төгрөгөөр, АШУҮИС-ийн салбар сургуулийн барилгыг 1.8 тэрбум төгрөгөөр улсын төсвөөс санхүүжүүлж барилгын ажил хэвийн үргэлжилсэн байна. Есөнбулаг сумын нэгдүгээр сургуулийн гуравдугаар дотуур байр, дөрөвдүгээр цэцэрлэг, Тайшир сумын сургуулийн дээврийн засварыг улсын төсвөөр хийж гүйцэтгэжээ. Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлөөс 250.0 сая төгрөгийн хөрөнгөөр Дарив, Жаргалан, Тайшир, Төгрөг, Халиун, Цээл, Чандмань, Шарга сумдын сургуулиуд, “Мобиком”, “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр Есөнбулаг сумын наймдугаар цэцэрлэг стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай боллоо.

БСШУСЯ-ны хөрөнгө оруулалтаар Есөнбулаг сумын тав, наймдугаар цэцэрлэг, Төгрөг сумын цэцэрлэгт хувилбарт сургалтын иж бүрэн тавилгатай гэр зургаа, сургалтын хэрэглэгдэхүүний хамт нийт 43.0 сая төгрөгийн тоног төхөөрөмж нийлүүлэгджээ.

Аймгийн хэмжээнд 29 цэцэрлэгийг 133.1 сая төгрөгийн зөөлөн эдлэл, 24 сургуулийг 325.1 сая төгрөгийн хатуу эдлэлээр хангах ажлыг зохион байгуулж орон нутагтаа үйлдвэрлэсэн байна. Ирэх онд Дэлгэр, Чандмань, Дарив сумдын сургууль болон “Хантайшир-Эрдэм” цогцолбор сургуулийн өргөтгөл, Чандмань сумын сургуулийн 100 хүүхдийн дотуур байр, Эрдэнэ, Халиун, Цогт сумдад 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын өргөтгөл шинээр бариулахаар 2018 оны улсын төсөвт хөрөнгийн эх үүсвэрийг батлуулжээ.

                                                                                                                                      Ш.Цоодол

相关新闻