Өсвөрийн сагсчид Улаан-Үд-ээс алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Улаан-Үд хотноо энэ сарын 21-24-нд Олон улсын хүүхдийн тэмцээн амжилттай болж манай улсын хүүхдүүд алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.
Манай улс энэ удаагийн тэмцээнд 11 насны хоёр, 12 насны хоёр, 12 насны эмэгтэй нэг нийт таван багийн 60 гаруй тамирчдын бүрэлдэхүүнтэйгээр оролцсон юм. Тэмцээний аваргаар Д.Отгонбаатар, Ц.Ванчинсүрэн дасгалжуулагчтай U12 насны нэгдүгээр баг болон Б.Пүрэвсүрэн, Алтанхуяг дасгалжуулагчтай U11 насны нэгдүгээр баг тус тус аварга болжээ. Харин U12 насны хоёрдугаар баг мөнгөн медаль хүртсэн бол Ж.Мөнхтөгс, Алтанхуяг дасгалжуулагчтай U11 насны хоёрдугаар баг гуравдугаар байр эзэлсэн байна. Харин эмэгтэй төрөлд манай улсын Гэрэлт-од дасгалжуулагчтай U12 баг анх удаагаа очиж тус тэмцээнд оролцсон бөгөөд нэг хожигдолгүй аварга болжээ.
Тус тэмцээний 11 насны ангилалд Монголын багийн тоглогч Очирбал болон Даваасүрэн нар шилдгээр шалгарсан бол 12 насны ангилалд Дүүрэнбилэг, Тэмүүлэн нар шилдэг тоглогчоор тодорлоо. Мөн тус тэмцээний шилдэг дасгалжуулагчаар U12 насны нэг болон хоёрдугаар шигшээ багийн дасгалжуулагчид болох Д.Отгонбаатар болон Ц.Ванчинсүрэн нар шалгарлаа.
Тус тэмцээний хаалтын ажиллагаанд МҮСБХ-ны нарийн дарга С.Тулга хүрэлцэн очиж баг тамирчдынхаа шагналыг гардуулжээ. Монголын баг бахдам амжилттай ирснээс гадна Оросын Сибирийн тойргийн сагсан бөмбөгийн удирдах зөвлөлийн гишүүн болон Улаан-Үд хотын сагсан бөмбөгийн ерөнхийлөгчтэй өсвөрийн сагсан бөмбөгийн U10, U12, U14 насны ангиллын ОУ-н тэмцээнийг жилдээ 4-6 удаа хийх, хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Мөн Чита, Братск, Красноярск хотынхон, манай баг тамирчдад тэмцээнд оролцох, туршлага солилцох урилгыг өгсөн байна.
Д.Өлзий