Д.Мөнх-Эрдэнэ: Өөрсдөө төлөвлөөд, хийгээд ирэхээрээ хүүхдүүд хариуцлагатай болдог

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-12-19 13:31:17
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ “Дэлхийн Зөн” ОУБ-ын Эрдэнэт Нутгийн хөгжлийн хөтөлбөрийн чиглүүлэгч Д.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрээр 2002 оноос тус байгууллагад ажиллаж байгаа бөгөөд хүүхдүүдийн нийгмийн идэвхийг дээшлүүлэх, манлайлах чадварыг хөгжүүлэх, хариуцлагатай, санаачилгатай иргэн болж төлөвшихөд нь “Хөгжлийн хөтөлбөр” –өөрөө дамжуулан тусалдаг юм.
-Монгол хүний нийгмийн идэвх, оролцоо их сул юм шиг санагддаг. Харин танай байгууллага хүүхдүүдийг багаас нь нийгэмд “оролцуулж” байна. Үр дүн нь хэр гарч байна?
-Товчхондоо бол, “Оролцоотой хүүхэд хөгждөг. Хөгжсөн хүүхэд хамгаалагддаг”. Өөрөөр хэлбэл, хүүхдүүд нийгэмд илүү идэвхитэй, оролцоотой байснаараа мэдээлэл, мэдлэг цуглуулдаг. Энэ мэдлэг нь  нь хувь хүний хөгжилд нөлөөлж хөгжсөн хүүхэд биеэ даасан үзэл бодолтой, шийдвэр гаргах чадвартай болдог. Зөв шийдвэр тухайн хүүхдийг хамгаалж байдаг. Тиймээс хүүхдийн оролцооны байгууллагууд Монголын нийгэмд нэн чухал байгаа юм. Иймд манай байгууллага 2001 онд Хүүхдийн оролцооны “Эрдэнэтийн ирээдүйн эзэд” байгууллагыг санаачилж олон мянган хүүхдийг зөв замд нь чиглүүлж байна.
-Хүүхдийн оролцооны байгууллагын гол зорилго юу вэ?
-2000–аад оны үед хүүхдүүд чөлөөт цагаа өнгөрүүлэх газар хомс байлаа. Тухайн үед ухаалаг утас, компьютерын хэрэглээ бага байсан. 2006 онд байгуулагдсан манай Хүүхдийн оролцооны байгууллагад хүүхдүүд маш идэвхтэй хамрагддаг байсан. Нийт долоон сургуульд 13 танхимыг тохижуулж Хүүхдийн оролцооны дэд зөвлөл байгуулсан.  Жаргалант сум,  II , XVII,  III сургуульд сурагчдын санал, хүсэлтийн дагуу танхимыг нь тохижуулж байлаа. Мөн Говилын сургуулийн сурагчдын хүсэлтийн дагуу биеийн тамирын талбай байгуулсан. Энэ чинь л хүүхдүүдийн нийгмийн оролцоо шүү дээ. Өөрсдийнхөө сурч буй орчин, амьдарч буй газрынхаа төлөө санаа зовж санаачилга гаргадаг байх нь ирээдүйд хөдөлмөрч, бүтээлч, манлайлагч хүүхдүүд “төрнө” гэсэн үг. Өөрсдөө төлөвлөөд өөрсдөө хийгээд ирэхээрээ хүүхдүүд хариуцлагатай болж ирдэг.
-Ухаалаг утас өнөө цагийн “гол дайсан” болж байх шиг байна. Хүүхдүүд гадаа тоглохоо болилоо. Хоорондоо харилцахаа байлаа.
-Үнэхээр тийм. Одоо хүүхдүүд ухаалаг утаснаас болж бие биентэйгээ амьд харилцаа үүсгэхээ байсан. Чөлөөт цаг, тоглох, харилцах, суралцах гэдэг бол  ухаалаг утсанд  “дарлуулсан”.
-2006 онд байгуулагдсан Хүүхдийн оролцооны байгууллагынхаа түүхийг дэлгэрүүлж яриач? Утасгүйгээр хүүхдүүд нийгэмд яаж оролцож болохыг жишээ болгож ярьвал?
-Хүүхдийн оролцооны нэгдсэн төв нь Орхон аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа хүүхдийн байгууллагуудын дээд удирдлага гэж хэлж болно. 2006 онд аймгийн Хүүхдүүдийн IX чуулган буюу “Сүлжээт оролцоо” чуулганы үеэр анх байгуулагдсан.  Гэхдээ 2008 онд татан буугдаж мини парламент, Аймгийн Хүүхдийн Нэгдсэн Зөвлөл зэрэг хэд хэдэн байгууллага болж салсан. Харамсалтай нь тэд нэгдсэн зохион байгуулалтаар ажиллаж чадахгүй байсан тул 2016 онд Аймгийн Хүүхдийн XVII  чуулганы үеэр дахин байгуулахаар болсон. Энэ нь 2015 онд манай байгууллагаас хэрэгжиж байсан “Хүүхдийн байгууллагын хөгжлийн хөтөлбөр ”-тэй уялдаж байсан юм. Одоо Хөгжлийн хөтөлбөр III  хэрэгжиж байгаа. Өнөөдрийн байдлаар манай аймагт хүүхдийн оролцооны “Хар сүлд”, “Өсвөрийн улаан загалмай”, “Бид чадна” өсвөрийн эмчийн бүлгэм, “Өсвөрийн аврагч” зэрэг байгууллага ажиллаж байна. “Өсвөрийн эмч” бүлгэм Медипас эмнэлэгтэй хамтарч ажилладаг бол “Өсвөрийн аврагч” бүлгэм Онцгой байдлын газартай хамтардаг. “Хөгжлийн хөтөлбөр”-ийг Монгол Улсаас анх удаа Орхон аймаг хэрэгжүүлж байгаа юм. Хоёр жилийн хугацаанд 3000 гаруй хүүхдэд хувь хүний хөгжлийн  сургалт явуулж 20 гаруй удаагийн нэгдсэн арга хэмжээ зохион байгууллаа.
-Хүүхдийн оролцооны байгууллагад хамрагдаад амжилт гаргасан түүхээс хуваалцаач?
-Өө энэ талаар ярьвал олон бий. Ойрын жишээ хэлэхэд Сэлэнгэ аймагт Хүүхдийн оролцооны байгууллагын “Өсвөрийн аврагч” бүлгэмийн хоёр хүүхэд гэртээ галд өртсөн эмээд тусалсан. Тэд галын гамшгийн үед нэн яаралтай ямар арга хэмжээ авч болохыг мэддэг учраас л шуурхай ажиллаж хүний амь аварсан. Энэ бол мэдлэг, туршлага, санаачлагатай хүүхдийн зан. Үүнийг л Хүүхдийн оролцооны байгууллагаар дамжуулж хүүхдэд төлөвшүүлж байгаа юм.
-Сургуульд дэд зөвлөл, хүүхдийн оролцооны бүлгэм байдаг гэлээ. Үүнийг сургуулийн удирдлага, багш нар хэрхэн хүлээж авдаг вэ?
-Янз бүр. Бид сургууль болгонд сурагчдын номын санг тохижуулж өгсөн. Энэ нь сурагчдын өөрсдийн хүсэл байсан юм. Гэтэл зарим сургуулийн удирдлага бидний тохижуулсан Номын санг нярав, нягтлангийнхаа өрөө болгоод номыг нь ангиудад тараачихсан байсан.
-Монголын хүүхдүүдийн нийгэмд бүү хэл гэр бүл дэх оролцоог нь ойшоодоггүй  шүү дээ.  Гэр бүлийн шийдвэрт хүүхдийнхээ саналыг сонсдог эцэх эх  ховор. Гэтэл танай байгууллага хүүхдийн нийгмийн оролцоог дээшлүүлэх гээд байдаг. Уг нь эхлээд гэр бүлээс нь эхлэх нь зүйтэй юм биш үү?
-Сурах явцад нь зөв үлгэрлэх нь хүүхэд өөртөө итгэлтэй, шийдвэртэй, санаачилгатай болдог. Ийм зан чанарыг өөртөө төлөвшүүлж чадсан хүүхэд гэр бүлдээ, эцэг эхдээ шаардлага тавьж чаддаг. Жишээ нь санхүүгийн боловсролтой хүүхэд өрхийн төсвөөс хэтэрсэн хүсэл шаардлага тавьдаггүй. Мөн өрхийн төсвийн зарцуулалтад хүүхдээ татан оролцуулах нь санхүүгийн мэдлэгийг нь дээшлүүлж байгаагийн нэг илрэл юм. Саяхан бид “Ээж ээ, аав аа намайг сонсооч” гэсэн  аян өрнүүлж  ахлах ангийн сурагчдаас захидал хүлээж авахад нэг хүүхэд “Миний дүү нэгдүгээр ангид орно. Миний ачаа дахиад нэгээр нэмэгдлээ” гэж бичсэн байсан.  Энэ бол өөрийнхөө үүрэг, хариуцлагыг  багаасаа ухамсарлаж байгаагийн бодит  жишээ юм.
-Хүүхдийн оролцооны байгууллага нь хүүхдэд эрх, үүргийг нь таниулах, нийгэм дэх оролцоог нь нэмэгдүүлэх, хөгжүүлэх зорилготой.  Өөрөөр хэлбэл, манлайлагч хүүхдүүдийг бэлддэг. Харин ийм хүнийг улс төрчид “шүүрээд” авах юм аа. Хөдөлмөр эрхэлж сураагүй байхад нь улс төр луу уруу татаж байгаа нь анзаарагдах юм.
-Таныг хэлэхээр л энэ талаар анзаарч байна шүү. Яахав, өөртөө итгэлтэй, шийдвэр гаргах чадвартай, харилцааны болон илтгэх ур чадвартай хүнийг улс төрчид “уруу татдаг” байх.
-Цахимжсан энэ нийгэмд хүүхдийн оролцооны байгууллага байна гэдэг зөв газраа зөв хүн ирсэнтэй л адил байх даа. Утсаар биш үгээрээ харилцдаг, нийгэмд оролцдог байх нь хүүхдүүдэд өөрсөдөд нь л тустай. Ийм тустай ажил хийж яваа танай байгууллага, танай хамт олонд талархал дэвшүүлье. Олон хүүхдийг нийгэм болон гэр бүлдээ оролцоотой, утасны цаанаас дэмждэг бус өөрөө ханцуй шамлаад оролцдог болгох хандлага, дадал, төлөвшлийг бий болгоорой гэж хүсье. Танд баярлалаа.
   Б.Оюун-Эрдэнэ
 
 
相关新闻