Аймгийн гэмт хэрэг, зөрчлийн өнөөгийн байдалд судалгаа хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-12-15 23:23:08
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл /ГХУСАЗЗ/, Цагдаагийн газраас Хууль сахиулах их сургууль /ХСИС-ийн/ Криминологи судалгаа, мөрдөх албаны тэнхимтэй хамтран ажиллаж байна.
Тодруулбал ХСИС-ийн Криминологи судалгаа, мөрдөх албаны тэнхимийн багш нар болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сангийн судлаачдаар Өвөрхангай аймгийн хэмжээнд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөл, нөлөөлөх хүчин зүйлс, түүнтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны өнөөгийн байдлыг криминологийн шинжлэх ухааны үндэслэлээр судлуулж байгаа юм. ХСИС-ийн Мөрдөх албаны тэнхимийн багш Л.Цогтбаяр “Өвөрхангай аймгийн гэмт хэрэг, зөрчлийн статистик мэдээ, гэмт хэргийн өнөөгийн байдал, төрөл, түүний шалтгаан, нөхцөл, нөлөөлөх хүчин зүйл, төв орон нутгийн захиргааны байгууллагуудын гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч буй ажлын тайлан, гадаад улс орны гэмт хэргээс урьдчилан сэргийлж байгаа туршлага зэргийг судалгааны үндэслэл, харьцуулалт болгон авч дүн шинжилгээ хийсний эцэст аймгийн хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлэх ажлыг оновчтой тодорхойлох болно” гэлээ.
Судалгааны ажил 9 сараас эхэлсэн бөгөөд 12 сард багтаан дуусах аж. Аймгийн Цагдаагийн газар болон ГХУСАЗЗ-өөс судалгааны үр дүнг цаашдын үйл ажиллагаандаа мөрдөн хэрэгжүүлэх юм.
Б.Батчимэг
相关新闻