Аймгийн ИТХ-ын хуралдааныг 21-нд хуралдуулах тов гарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын ээлжит V хуралдааныг ирэх пүрэв гарагт аймгийн ЗДТГ-ын хурлын зааланд хуралдуулах тухай шийдвэрийг өчигдөр хурлын Тэргүүлэгчдээс гаргасан байна.
Өмнө нь уг хуралдааныг энэ сарын 4-ний өдөр хуралдуулахаар зарлаж байсан аж. Гэвч аймгийн ИТХ дахь АН-ын нэр бүхий 16, МАН-ын 5 төлөөлөгч аймгийн Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцэх асуудлын эхэнд тавих шаардлагыг тавьж, намын бүлгүүд нэгдсэн байр суурьт хүрч чадаагүйгээс хуралдаан хойшлогдсон билээ. Улмаар аймгийн 2018 оны төсөв ч хуулийн хугацаанд батлагдаагүй юм. Харин энэ сарын 6-ны өдөр аймгийн ИТХ дахь АН-ын 16, МАН-ын 5 төлөөлөгч буюу дээрх 21 төлөөлөгч хуралдаж, аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржаныг огцруулах, оронд нь Баян-Өлгий аймгийн МАН-ын хорооны дэд дарга Х.Бердимуратыг томилох, аймгийн Засаг дарга А.Гылымханыг мөн огцруулж, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Т.Серикжаныг аймгийн Засаг даргаар томилохоор шийдвэрлэсэн гэж байгаа ч хуралдаанд аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, аймгийн Засаг дарга А.Гылымхан нар оролцоогүй бөгөөд тэд тус хурлыг хүчинтэй гэж үзэхгүй байгаа ажээ.
Ө.Нурболат