Төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалт хойшлогджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Төрийн албаны Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс энэ сарын 18-ны өдөр зохион байгуулахаар зарласан төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны сул орон тооны сонгон шалгаруулалт тодорхой бус хугацаагаар хойшлогджээ.
Энэ талаар тус зөвлөлийн дарга А.Серикболат: "Төрийн жинхэнэ албаны сул орон тоонуудын ажлын байрны шаардлагад дутагдлууд илэрсэн. Мөн сонгон шалгаруулалттай холбоотой зарим иргэд гомдол гаргасан байгаа. Эдгээр асуудлуудыг эцэслэн шийдвэрлэхээс нааш шалгалт явуулахгүй" хэмээн өнөөдөр мэдээллээ.
Дашрамд хэлэхэд, өнгөрсөн сарын 24-ний өдөр Төрийн албаны аймаг дахь салбар зөвлөлөөс аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Нийгмийн бодлогын хэлтэс, Санхүү, төрийн сангийн хэлтэс, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга нар болон аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс, Газрын харилцаа, барилга, хот, байгуулалтын газар, Боловсрол, соёл, урлагийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Хөгжимт драмын театрын даргын сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулахаар зарласан билээ.
Ө.Нурболат