Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн бүлгийг байраар дэмжив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-12-15 09:07:00
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга Г.Ганболд хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийг дэмжих “Мөрөөдөл биелнэ” бүлгийн гишүүдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр тус бүлгийнхэн өөрсдийн зорилго, төлөвлөгөөгөө аймгийн даргад танилцуулав.
Финляндын “Флом” ОУБ-ын дэмжлэгтэйгээр 2017-2018 оны хугацаанд хэрэгжиж буй "Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийг дэмжих бүлгүүдийг чадавхижуулах замаар тэдэнд хүрэх нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулахад нөлөөлөх нь" төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийг дэмжих “Мөрөөдөл биелнэ” бүлгийг найман эмэгтэй, хоёр эрэгтэй гишүүнтэй байгуулсан байна.
Тус бүлгийнхэн орон нутгаас зохион байгуулсан эрүүл мэндийн болон чадавхижуулах сургалтанд хамрагдаад байгаа бөгөөд өрөө, тоног төхөөрөмжтэй болвол гар урлалын бүтээгдэхүүн хийх замаар өөрсдийгөө санхүүжүүлнэ гэдгийг хэлж байв. Аймгийн Засаг даргаас тэднийг ажлын байраар дэмжинэ гэдгээ илэрхийлж, Ахмадын төв байсан байрыг өгөхөөр болсон юм.
Б.Батчимэг
相关新闻