Сайхан, Баян-Өндөр сум хамтран ажиллах гэрээ байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Сайхан сумын Засаг дарга Д.Дорждагва, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ.
Хамтын ажиллагааны санамж бичгийн зорилго нь хууль тогтоомжоор тогтоосон чиг үүргийн хүрээнд хамтран ажиллах, харилцан дэмжлэг үзүүлэх, байнгын тасралтгүй хамтын үйл ажиллагааг дэмжиж туршлага солилцоход чиглэж байгаа юм байна.
- Хамтын ажиллагааны хүрээнд төрийн албан хаагч, багш, эмч нар харилцан туршлага солилцох, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, нөхөрсөг урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулах зэрэг олон талт ажлуудыг тусгасан гэж Сайхан сумын Засаг даргын Тамгын газрын төрийн захиргааны асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Юмчинрагчаа ярилаа.
Сайхан сумын төлөөлөгчид Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газар, эрүүл мэнд, боловсролын байгууллагын үйл ажиллагаатай танилцаж туршлага судалжээ.
М.Батжаргал