Завханы төрийн албан хаагчдын баримтлах есөн зарчмыг гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-12-13 01:22:14

Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймаг төрийн албан хаагчдын баримтлах 9 зарчмыг боловсруулж батлуулан 24 сумынхаа төрийн албан хаагчдад хүргүүлээд байна. Тус аймаг ирэх 2018 оныг Сахилга хариуцлагыг сайжруулах жил болгон төрийн үйлчилгээг баг, иргэн бүрт хүргэж ажиллахаа зарласан билээ.
Тиймээс төрийн үйлчилгээг хүргэх төрийн албан хаагчид сахилга хариуцлагатай, үнэнч шударга байх ёстой хэмээн үзэж Монгол Улсын Засгийн газрын 01 тоот албан даалгаврыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд Завхан аймгийн төрийн албан хаагчдын баримтлах зарчмыг гаргажээ.
Зарчимд төрийн албан хаагч нь хариуцлагатай байх, хүнд сурталгүй, иргэдтэй ойр байж тэдний санаа бодлыг сонсдог байх, шударга авилгаас ангид байх, төрийн залгамж халааг хадгалах, шуурхай цаг хугацааг баримталдаг байна гэхчлэн 9 зарчмыг баталжээ. Энэхүү зарчмыг 2018 оны нэгдүгээр сараас эхлэн мөрдөн ажиллах юм байна.
Дашрамд Монгол Улсын төрийн албан хаагчид төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийг сахин мөрдөж үйл ажиллагаандаа шударга ёсны, хууль дээдлэх, тэгш байдал, хариуцлага хүлээх, олон нийтэд үйлчлэх. ёс зүйн зарчмыг баримтлан ажилладаг ажээ.

Б.Мягмарсүрэн

相关新闻