Сэргээгдэх эрчим хүчний шилдэг төслийг шалгаруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-12-12 18:07:49
Улаанбаатар/МОНЦАМЭ/ Нийслэлийн үйлдвэрлэл инновацийн газраас “Шинэ санаа-Шилдэг инноваци” сэргээгдэх эрчим хүчний шилдэг төсөл, бүтээгдэхүүний  уралдаан зарлажээ.

Уралдааны зорилго нь нийслэл хотод тулгамдаж буй хот байгуулалт, эрчим хүч, агаарын бохирдол, хүрээлэн буй орчны асуудлуудыг сэргээгдэх эрчим хүчийг ашиглан шийдвэрлэх, эрчим хүчний хэмнэлтийг бий болгох,  сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийг хөгжүүлэх шинэ шийдэл бүхий техник технологийг нэвтрүүлэх шинэ санаа санаачилгыг дэмжихэд чиглэсэн байна.

“Шинэ санаа - Шилдэг инноваци” сэргээгдэх эрчим хүчний уралдааныг Сэргээгдэх эрчим хүчний төсөл, Сэргээгдэх эрчим хүчний бүтээгдэхүүн гэсэн үндсэн 2 чиглэлээр шалгаруулах  юм байна. Тодруулбал эдийн засгийн үр ашигтай, зах зээлд нэвтрүүлэх боломжтой, сэргээгдэх эрчим хүчний ашиглалт, үйлдвэрлэлтийг нэмэгдүүлэх, эрчим хүчний хэмнэлтийг бий болгох, нийслэлийн хот байгуулалт, эрчим хүч, агаарын бохирдол, хүрээлэн буй орчны асуудлуудыг сэргээгдэх эрчим хүчээр шийдвэрлэхэд чиглэсэн төсөл, бүтээгдэхүүн байх аж. Уралдаанд аж ахуйн нэгж, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага болон иргэд оролцох боломжтой юм байна. 

Шилдэг төсөл, бүтээгдэхүүн тус бүрээр 1, 2, 3 дугаар байр эзлүүлж шалгарсан бүтээлд мөнгөн шагналыг олгоно хэмээн албаныхан хэллээ. Уралдааны төсөл, бүтээгдэхүүний танилцуулгыг эх хувилбараар Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын байранд  энэ  сарын 15-ны өдөр хүлээн авах аж.
Б.Заяа
相关新闻