Ц.Дэлгэр:Гэр бүлийн гишүүнийхээ даатгалын мөнгийг шилжүүлэн хэрэглэж болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-12-12 14:37:48
Сэлэнгэ /МОНЦАМЭ/ Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж буй иргэд төрөөс ямар үйлчилгээ авч байна. Үүнтэй холбоотой шинэ үйлчилгээнүүдийн талаарх мэдээллийг иргэдэд хүргэх үүднээс Сэлэнгэ аймгийн ЭМНДХ-ийн Эрүүл мэндийн тасгийн дарга Р.Дэлгэрээс зарим зүйлийг тодрууллаа.

-Сайн байна уу, сайхан өвөлжиж байна уу? Эрүүл  мэнд нийгмийн даатгалын хууль шинэчлэгдэж иргэдэд төрөөс үзүүлдэг үйлчилгээнд зарим нэг өөрчлөлт шинэчлэлт явагдаж байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
-Сайн, сайхан өвөлжиж байна. Тиймээ өмнө хуулиар 9 төрлийн эрүүл мэндийн үйлчилгээг хүмүүс авдаг байсан. Харин 2015 оны 1-р сарын 29-нөөс батлагдсан шинэ хуулиар үйлчилгээний төрөл нэмэгдэж 16 төрлийн үйлчилгээг авдаг болсон байгаа. Тухайлбал өндөр өртөгтэй хагалгаанд орох тохиолдолд тухайн өвчтөний төлбөрийн 60-70 хувийг хөнгөлдөг болж заасан. Энэ хууль маань 2015 оны 7-р сарын 1-ний өдрөөс хэрэгжээд явж байгаа. Мөн элэгний В,С вирус болон урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгтэй холбоотой үйлчилгээний хуулиуд энэ оноос эхлэн хэрэгжиж эхлэээд явж байна. Энд хамгийн түрүүнд улсын хэмжээнд элэгний В, С вирусын илрүүлэг шинжилгээг 40-65 насны хүмүүст хийсэн. 
-Элэгний В, С вирусын илрүүлэг шинжилгээ Сэлэнгэ аймагт ямар байдалтай явагдаж байна. Хүмүүс хөнгөлөлттэй үнээр эмээ авч чадаж байна уу. Энэ талаар тодруулахгүй юу?
-Сэлэнгэ аймгийн хэмжээнд аймгийн ЭМГ, Нэгдсэн эмнэлэг, сумдын ЭМТ-үүдтэй хамтарч нийтдээ элэгний В, С вирусын шинжилгээг 17800 хүнд хийсэн. Эндээс 596 хүн ачаалал тоолох шинжилгээгээр идэвхижилт өндөртэй гарч эмчээрээ жор бичүүлээд эмээ авч байна. Өнөөдрийн байдлаар 722 хүн давхардсан тоогоор 151 сая төгрөгийн эмийг хөнгөлөлттэй үнээр аваад байгаа. Нэг хайрцаг эмэнд 210 мянган төгрөг даатгалаар хөнгөлж байгаа доод тал нь 340 мянга дээд тал нь 720 мянган төгрөгийн үнэтэй эмүүд бий. Даатгуулагч өөрөө сонгож ууна. Энэ эмийн төсөв манай аймгийн хэмжээнд хангалттай тавигдсан. Өөрөөр хэлбэл манайх 1088 хайрцаг эмийг 210 мянган төгрөгөөр хөнгөлж өгөөд байна.
-Эрт илрүүлгийн шинжилгээ хэрхэн явагдаж байна. Энэ үйлчилгээний талаар  . . . ?
-Сая 10 сараас даатгуулагчийг эрт илрүүлэх ажил эхэлсэн байгаа. Энэ шинжилгээг найдвартай хийх чадвартай хувийн болон улсын эмнэлгүүдэд сонгон шалгаруулалт явуулсан. Сэлэнгэ аймгаас Мандал суманд үйл ажиллагаагаа   явуулдаг “Танжий оч” гэдэг компани, Сүхбаатар хотод “Альфа гэрэл” хувийн лабораториуд сонгогдсон. Улаанбаатар хотод бас 22 лабораториуд бий. Энэ ондоо 40, 45, 50, 55, 60, 65 насандаа байгаа хүмүүс төрсөн оноороо бол 1952, 1957, 1962, 1967, 1972, 1977 онд төрсөн хүмүүс 3 төрлийн багцаасаа сонгоод өөрөө аль хэрэгтэйгээ сонгож шинжилгээ, эмчийн үзлэг хийлгэх боломжтой. Өөрөөр хэлбэл урьдчилан сэргийлэх үзлэгийг хуучин даатгалын сангаас санхүүжүүлдэг байсан. Харин одоо даатгуулагчийн нас, хүйс, эрүүл  мэндийн эрсдэлд нь тохирсон даатгалын урьдчилан сэргийлэх үзлэг хийх тусламж үйлчилгээний багц нэмэгдсэн. Энэ гурван төрлийн багцын эхнийх нь дотор эрхтний архаг өвчлөлийг илрүүлэх, дараагийнх нь үе мөчний эмгэгийг илрүүлэх, мөн хавдрын эрт илрүүлэг байгаа. Эндээс аль нэгийг өөрөө сонгоод хийлгэнэ гэсэн үг. Одоогийн байдлаар нийтдээ 783 хүн энэ шинжилгээнд хамрагдаад байна. Нэг хүнд оногдох зардал 50 мянган төгрөг байгаа ш дээ. Иргэдийг сайн хамруулахын тулд эдгээр лабораториуд маань сумдад очиж ажиллаж байгаа. Ингэж сумдаар явах зардлыг манайхаас гаргахгүй, өөрсдөө гаргах ёстой. Энэ жилийн тухайд төсөвт заагдсан бүх хүмүүсээ оруулсан. Дараагийн жил энэ ажил шинжилгээ дахиад үргэлжлээд хийгдэнэ. Мөн 40, 45, 50, 55, 60, 65 насны хүмүүс хамрагдаад явна. Даатгуулагчид анхааруулахад лабораторийг сонгоод өгсөн бол дараагийн лабораторид очоод хийлгэж болохгүй. Сэлэнгэ аймагт нийт 4900 хүн хамрагдана.
-Нэг иргэн жилд 2 сая төгрөгийн хөнгөлөлт үйлчилгээг авах эрхтэй гэдэг. Энэ мөнгийг чухам ямар үйлчилгээ авахад зарцуулдаг юм бэ. Хэрвээ энэ мөнгөө ашиглаагүй хүн дараа жилдээ шилжүүлж хэрэглэх боломжтой юу. Энэ талаар тодруулаач?
-Огт төлбөргүй юм гэж байхгүй шүү дээ. Төлбөргүй гэхээр хүмүүс огт мөнгө төлөхгүй юм шиг ойлгодог. Таны хүртэх эрхтэй даатгалын сангийн мөнгөнөөс л хасагдаад байгаа гэсэн үг л дээ. Хэн хэдэн төгрөгийн шимтгэл төлсөн байдлаас хамаарахгүйгээр хүн бүхэн л 2 сая төгрөгийн тусламж үйлчилгээ авах эрхтэй байдаг. Оны эхэнд 0-8 насны хүүхдийн амьсгалын замын өвчлөлд олгож байгаа эмийг ЭМДС-гаас 100 хувь хөнгөлж олгодог болсон. Энэ эмэнд тусгай төсөв байхгүй. Манайхтай гэрээтэй ажилладаг эмийн сангийн тухайн сангийн төсвөөс л гаргаж байгаа. Өрхийн эмчээрээ эмээ бичүүлээд иргэд маань авна. Үйлчлүүлэгчийн халааснаас мөнгө гарахгүй, харин эрүүл  мэндийн даатгалын сангаас буюу нөгөө яриад байгаа 2 сая төгрөгнөөс хасагдаад явна гэсэн үг.
-Зарим хүмүүс нэг ч удаа эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгээгүй байхад даатгалын сангаас өөрийнх нь нэр дээр мөнгө гарсан байна гэх яриа гараад байдаг. Энэ ямар учиртай юм бол. Ер нь ЭМДС-аас гарч байгаа зардлаа хувь хүн өөрөө хянах боломжтой юу?
-Тийм шүү. Эмнэлэгт хэвтээгүй, хөнгөлөлттэй эм аваагүй байхад надаас мөнгө зардал гарсан юм шиг байна гэдэг. Үүнийг манай газрын вэбсайт хаяг руу ороод мэдэж болно. Харин өндөр өртөгтэй хагалгаанд орж байгаа хүний зардалыг хөнгөлдөггүй. Бусад бүх зардал хасагдаад явдаг.
-Шинэ хуулиар өрхийн даатгал гэж бий болсон. Энэ даатгалын үр өгөөж хэр юм бол. Нөгөө 2 сая төгрөгөө өрхийн гишүүд нийлүүлээд хэрэглэж болох уу?
-Шинэ хуулиар өрхийн даатгалын шинэ хууль хэрэгжиж эхэлсэн. Хэрвээ гэр бүлийн нэг гишүүн 10 сая төгрөгийн зардалтай хагалгаанд орох гэтэл мөнгө байхгүй гэж бодъё. Иймээс гэр бүлийн 5 гишүүнийхээ хоёр сая төгрөгийг нийлүүлээд хагалгаанд орьё гэвэл болохгүй. Өрхийн даатгал гэдэг маань нэг ёсондоо өөрийнхөө даатгалаас авах боломжтой 2 сая төгрөгөө хэрэглээд дуусчихсан тохиолдолд өөрийн дансандаа гэр бүлийн хэн нэг гишүүний 2 сая төгрөгнөөс тухайн хэрэглээнийхээ мөнгийг шилжүүлж авч болно гэсэн заалт байгаа. Бүгдийг нь хоёр сая төгрөгийг бүгдийг нь биш шүү. Гэхдээ энэ мөнгийг өөрөө ажилтай, мөнгөө төлж байгаа хүмүүс байж шилжүүлэн авах эрхтэй байдаг. Түүнээс биш төрөөс НД-ийн болон ЭМ-ийн даатгалын шимтгэлээ төлүүлж байгаа хүмүүс, хүүхдээ харж байгаа ээж, өндөр насны хүмүүс шилжүүлэн авах эрхгүй. Үүнийг салгаж ойлгох хэрэгтэй. Одоогоор манай аймагт 2 сая төгрөгийн зардал нь хэтэрсэн хүн гарч ирээгүй байгаа.
- ЭМДС-гаас огт мөнгө зарлагадаагүй хүмүүст урамшуулал олгодог уу?
-Хуучин хуулиар энэ мөнгөө огт хэрэглээгүй хүмүүст 3 жилийн хуулийн хугацаанд эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ цаг хугацаандаа төлж байсан бол 80 мянган төгрөгийн мөнгөнд багтах оношлогоо шинжилгээний урамшуулал олгодог байсан. Тэгээд тэр заалт маань одоо шинэ хуулиар байхгүй болсон. Харин өөрөөр урамшууллын бус урьдчилан сэргийлэх үзлэгийн үзлэг оношлогоонууд хийгддэг болоод байгаа. Энэ яриад байгаа хоёр сая төгрөг бол тухайн жилдээ л хэрэглэх мөнгө шүү дээ. Миний бодлоор энэ мөнгөө огт хэрэглээгүй хүмүүст дараа жилд нь хувилж өгч болмоор юм шиг санагддаг. Тэгвэл хүмүүс өөрийнхөө мөнгөнд арай хямгатай байх болов уу. Хүн бүр өөрөө эндээ хяналттай байх ёстой.
Ч.Отгонцэцэг

 
相关新闻