Оторт яваа малаа сургаар тоолж магадгүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт өнөөдрийн байдлаар өөр аймгийн нутагт оторлож байгаа мал сүргээ тоолж чадаагүй байна. Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийг хангасан дүнгийн мэдээллээр 145 өрхийн 93,3 мянган мал өөр аймгийн нутагт өвөлжиж байгаа аж. Өнгөрсөн сард өмнө болон зүүн зүгийн нутгаар орсон нэлээд хэмжээний цасны дараагаар малчид өвлийн отор хийхээр өөр нутаг ус руу зорих нь ихэсчээ.
-Аймгийн хэмжээгээр 121 өрх өөр аймгийн нутагт өвөлжиж байгаа мэдээг сумаас авсан. Увс, Дорнод, Дундговь, Төв, Өвөрхангай зэрэг 11 аймагт малчид малаа орторлож байна. Нутаглаж байгаа сумын мал тооллогын комисстой хамтран мал тооллогыг хийхээр ярьж байна гэж аймгийн статистикийн хэлтсийн дарга Д.Мөнхбат ярив. Аймгийн мал, тэжээвэр амьтны тооллогын комиссын Баяннуур, Дашинчилэн, Рашаант, Гурванбулаг суманд хяналтын тооллогод ажилласан төлөөлөгчид “өөр аймгийн нутагт байгаа малаа одоогоор тоолоогүй байна” гэж хэллээ. Отроор өвөлжиж байгаа малчдын малыг тухайн сумын мал тооллогын комисстой тохиролцон тоолуулахаар тавьсан санал төдийлөн үр дүнд хүрэхгүй байгаа аж. Зөвшөөрөлгүй нутаглаж байгаа малчдаас төлбөр нэхэх, хөөх зэрэг үйлдэл гардаг учир малчид зарим талаар тухайн орон нутагт мэдэгдэхийг хүсэхгүй тал байгаа гэнэ.
Тус аймагт өнгөрсөн жил зарим суманд бог малын цэцэг өвчин гарсан учир малаа “утсаар буюу амаар” тоолж байсан. Харин энэ жил алсын оторт яваа малаа сургаар тоолж магадгүй болоод байна.
М.Батжаргал