С.Хэрлэнчимэг:Сангийн яамнаас хязгаарлалттай гүйлгээ хийх чиглэл өгсөн
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий аймгийн Статистикийн хэлтсээс энэ оны 9-р сарын байдлаар төсвийн орлогод нийт 6243.4 сая төгрөг төвлөрөхөөс 5605.5 сая төгрөг төвлөрүүлж, орлогын төлөвлөгөөг 637.9 сая төгрөг буюу 10.2 хувиар тасалсан байна. Татварын бус орлогод төвлөрүүлэх ёстой 416.5 сая төгрөгийн орлогын төлөвлөгөө 2.3 хувиар буурч, төсөвт татварын бус орлогоор 406.8 сая төгрөг төвлөрчээ. Мөн орон нутгийн төсвийн байгууллага нийт 37427.0 сая төгрөгийн зарлагатай ажилласан нь төлөвлөснөөс 4694.8 сая төгрөгөөр бага зарцуулалттай ажилласан байна” гэсэн судалгааг гаргажээ.
Тиймээс аймгийн хувьд энэ сард байдал ямар байгаа талаар Аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга С.Хэрлэнчимэгээс ийн тодрууллаа.
-Дээрээс төсөв хаасан, татагдсан гэх мэдээллүүд байгаа. Энэ талаар хүмүүс сайн ойлголтгүй байна. Юуны учраас, яагаад ингэх болсон бэ?
-Ер нь бид бүхэн мэдэж байгаа, улсын төсөв орлогын төлөвлөлттэй холбоотойгоор тодорхой хэмжээний санхүүжилтүүд хойшлогдоод байна. Мөн улс орон даяар төсвийн тодотголын асуудал яригдаж байна. Ийм үед төсөв санхүү нэлээд хүндэрч байгаа дүр зураг бий болсон гэдгийг хүмүүс ойлгож, мэдэрч байгаа байх. Сангийн яамнаас ерөнхийдөө цалин, тогтмол зардлыг олгоё, бусад зардлуудыг хязгаарлалттайгаар олгоё гэсэн чиглэл барьж байгаа. Ингээд 10-р сарын 8-наас бүх зардлуудыг хааж байгаад цалинг 100 хувь, гэрэл цахилгаан, түлш халаалт, цэвэр бохир ус, байрны түрээс зэрэг тогтмол зардлуудыг 70 хувь, бичиг хэрэг, тээвэр шатахуун, шуудан холбоо, ном хэвлэл, хог хаягдал, бага үнэтэй түргэн элэгдэх зүйл гэсэн зардлуудыг 40 хувь, хөдөлмөр хамгааллын хэрэгсэл, урсгал засвар, гадаад дотоод томилолтууд, зочид төлөөлөгчид хүлээж авах зэрэг зардлуудыг 20 хувь, эм, эмнэлгийн хэрэгсэл, хоол хүнсний зардлыг 100 хувь санхүүжүүлж явж байгаа. Улсын төвлөрсөн болон орон нутгийн төсвийн бүх байгууллагуудад яг ийм чиглэлээр зардлын эрхийг нь дээрээс буюу сангийн яамнаас нээж өгч байна.
-Аймаг болон сумдын төсвийг хэрхэн бүрдүүлэх асуудлыг хэрхэн шийдвэрлэдэг вэ?
-Манай аймгийн хувьд “Төсвийн орлого бүрдэлтийг нэмэгдүүлэх, татварын өр авлагыг барагдуулах, татвар төлөгчдөд татварын хууль тогтоомжийг сурталчлах, хяналт хариуцлагыг сайжруулах” нэг сарын аяныг 09 сарын 21-нээс эхлэн хэрэгжүүлсэн. Тун удахгүй үр дүнг нь тооцож, олон нийтэд мэдээлнэ. Аяны хүрээнд сумд улсын болон аймгийн орлогыг төвлөрүүлэх, орон нутгийнхаа төсвийн орлогыг бүрдүүлэх талаар нэлээд ажлуудыг зохион байгуулсан нь сайшаалтай. Ингэснээр орон нутгийн төсвийн орлого бүрдүүлэлт 90-ээд хувьтай явагдаж байна.
- Ирэх сард бас л данс хаагдаж, татагдах уу?
-Татагдана гэсэн үг биш л дээ. Төсвийн тодотголоор ямар хэмжээний зардлуудыг хасах шийдвэр гарна тэр хэмжээнд л хасагдана. Одоогоор бол сангийн яамнаас улсын төсөвт хэр хэмжээний мөнгө орж ирснээс шатгаалан орон нутгуудад хязгаарлалттай л гүйлгээ хийгдэж байгаа гэсэн үг. Манай төрийн сангийн журам бий. Үүнд, эхний ээлжинд цалин шимтгэл, тогтмол зардлыг санхүүжүүлнэ гэсэн шат дараалалтай байдаг. Энэ дагуу л ажиллаж байна.
О.Буянхишиг