“Ахмадаа дээдлэх жил”-ийн ажлыг 95 хувьтай үнэлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-12-11 12:20:12
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-аас 2017 оныг “Ахмадаа дээдлэх жил” болгон зарлаж, хоёр бүлэг, 27 зорилт бүхий үйл ажиллагааг төлөвлөн 19 сум, 130 гаруй байгууллага, аж ахуйн нэгжийн хэмжээнд зохион байгууллаа. Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар зорилтот жилийн ажлыг дүгнэж 95 хувьтай буюу хангалттай гэх үнэлгээг өгсөн юм.
“Ахмадаа дээдлэх жил”-ийн хүрээнд давхардсан тоогоор 97 сум, багаас 125 удаагийн уулзалт, өдөрлөг, сургалт, хэлэлцүүлгийг явуулж, 8000 орчим ахмадыг хамруулсан байна. Мөн уламжлалт анагаах ухаан, сэргээн засах өдрийн үйлчилгээнд асран халамжлах үр хүүхэдгүй, амжиргааны түвшин доогуур 1272 ахмадыг, Хужирт, Өгөөмөр зэрэг рашаан сувилалд 1572 ахмад настныг хамруулж эмчилгээ, сувилгаа хийжээ. Хөгжлийн бэрхшээлтэй 550 ахмадаас 455 буюу 82,7 хувьд, хэвтрийн 390 ахмадаас 380 буюу 97,4 хувьд эрүүл мэндийн явуулын үйлчилгээг хүргэж, нийт ахмадын 89 хувийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулжээ.
Зорилтот жилийн хүрээнд  “Ахмадын өргөө”-г шинээр барьж ашиглалтанд оруулах, 15 сум өөрсдийн хөрөнгө, нөөц боломжоор ахмадад зориулсан төв байгуулах зэрэг томоохон бүтээн байгуулалтыг өрнүүлж, “Ахмад-2017” урлаг, спортын их наадам, шилдэг санаа, бүтээл, уран гоё бичгийн уралдаан тэмцээнийг зохион байгуулах, гадаад дотоодод аялуулах зэргээр ахмад настнуудыг дэмжсэн байна.
Өвөрхангай аймгийн нийт хүн ам 113991 байгаагаас 10274 буюу 9,1 хувь нь 50-иас дээш насны ахмадууд юм.
Б.Батчимэг
相关新闻