Энэ оны газар өмчлүүлэх төлөвлөгөөний биелэлт 20 гаруй хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-12-11 11:35:56
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 3218 иргэнд 228,7 га газрыг өмчлүүлэхээр төлөвлөсөн ч биелэлт 23,8 хувьтай байна.  Энэ онд гэр бүлийн хэрэгцээнд зориулан 252 иргэнд 32 га газрыг шинээр олгожээ. Мөн 313 иргэн одоо эзэмшиж байгаа 21,2 га газраа өмчлөн авсан байна.
Аж ахуйн зориулалтаар хоёр иргэнд 0,175 га газрыг өмчлүүлж нийтдээ 582 иргэнд 54,4 га газрыг өмчлүүлжээ. Газар өмчилсөн иргэдээс 1608 нь өмчилсөн газраа арилжааны банкинд барьцаалж 20 гаруй сая төгрөгийн зээл авч эдийн засгийн эргэлтэнд оруулсан байна.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж ирсэн 2003 оноос хойш нийт 21363 иргэн 1942,4 га газрыг өмчлөөд байгаа аж.
Цаашид иргэдэд газар өмчлүүлэхийн тулд Арвайхээр сумын хилийн цэсийг тэлэх,  Бат-Өлзий сумын төвийн суурьшлын бүсийг улсын тусгай хамгаалалттай газар нутгаас чөлөөлөх, улсын хянан баталгаа хийгдсэн Хархорин, Хужирт, Бат-Өлзий, Уянга, Нарийнтээл сумын иргэдэд өмчлөхөөр төлөвлөж буй газруудад эрчим хүч, авто зам, нийтийн тээвэр, цэвэр ус, дулаан хангамжийн асуудлыг шийдвэрлэж, иргэд суурьших нөхцөлөөр хангах шаардлагатай байгааг аймийн ГХБХБГ-аас мэдээллээ.
Б.Батчимэг
相关新闻