Хушаатынхан цагаан толгойт үхрээ хөшөөнд мөнхөлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-12-11 00:23:45
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Хушаат сумынхан нутгийн брэнд болсон үүлдэрлэг үхэртээ хөшөө босгожээ.  Энэхүү хөшөөг  "Хушаат нутгийн хөгжил сан"-гийн 4.9 сая төгрөгийн хөрөнгөөр "Асар тэнгэр өөд" холбооны уран барималч Ц.Намдаг бүтээжээ.

1950 онд МАХН-ын Төв хороо Сайд нарын зөвлөлийн хурлын шийдвэрийн дагуу Казакийн цагаан толгойт үүлдрийн үхрийн фермийг Хушаат сумын нутаг Артойлбо гэдэг газарт байгуулсан байна. Ингэхдээ гадаадаас оруулж ирсэн бухнаас үр авч зохиомол хээлтүүлэг хийн малын чанарыг сайжруулах ажлыг Ерөнхий зоотехникч Буянгийн удирдлагаар явуулж байв.
Энэ цагаас хойш тус суманд уг үүлдрийн үхрийг цэврээр үржүүлж монгол үхэртэй эрлийзжүүлэх ажил эрчимтэй явагджээ. Энэхүү үүлдрийн үхрийн цөм сүргийг үржүүлж түүний генофондыг хадгалан авч үлдэхэд онцгой гавьяа байгуулж 30 шахам жил хөдөлмөр зүтгэлээ зориулсан хүн бүл мал зүйч Д.Баасанжав юм. 2012 онд “Шилмэл мал” үзэсгэлэнгээс казакийн цагаан толгойт үнээ тэргүүн байр, 2013 оны “Гойд ашиг шимт малын үзэсгэлэн”-гээс КЦТ бух алтан медаль, үнээний амьдын жин 612 кг татаж алтан медаль хүртжээ. Мөн 2014, 2015 онуудад тус үнээ “Шилмэл мал” үзэсгэлэн худалдаанаас дэд байр, 2015 онд “Үржлийн малын дуудлага худалдаа”-наас төлөрхөг ашиг шимийн үзүүлэлтээр мухар удмын бух нь мөнгөн медаль, 2016 онд  “Шилмэл мал-2016” үзэсгэлэнгээс бух алтан медаль, үнээ хүрэл медаль, 2008 онд “Үржлийн хээлтүүлэгч малын үзэсгэлэн”-гээс бух алтан медаль, 2009 онд “Шилмэл мал-2009” үзэсгэлэнгээс шилмэл хээлтүүлэгч үнээ алтан медаль тус тус авчээ. Энэхүү амжилтыг нь мөнхжүүлэх, ашиг шим өндөр эл үүлдрийг хамгаалан өсгөх үүднээс ийнхүү Хушаатчууд хөшөөндөө мөнхөлсөн байна.
Тус суманд 2010 оноос “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд эл үүлдрийн тоо толгойг өсгөх, чанарыг сайжруулах ажлыг шат дараатай явуулсанаар жилээс жилд тоо толгой нь нэмэгдэн, чанар нь сайжирч байгаа бөгөөд 2015 онд малчин н.Баянжаргалын гэр бүл, 2016 онд малчин С.Сүхдаваагийн гэр бүл “Аймгийн тэргүүний фермер“-ээр тус тус шалгарсан байна.
Ч.Отгонцэцэг

相关新闻