Ажил олгогчид нарийн мэргэжлийн ажилтны дутагдалд оржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-12-08 14:25:42
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ажил олгогчдын дэмжих, тэдний өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор өнөөдөр Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас “Ажил олгогчдын зөвлөгөөн”-ийг зохион байгуулав.

Зөвлөгөөнд тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг 1000 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож, ажил олгогчдын өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх боломжийн талаар нээлттэй ярилцав.

Тус дүүрэгт тогтмол үйл ажиллагаа явуулдаг 3800 гаруй аж ахуйн нэгж бүртгэлтэй байна. Төрийн зүгээс хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг татварын бодлогоор дэмжихээс гадна ажиллах хүч бэлтгэхэд анхаарах шаардлагатай байгааг ажил олгогчид онцолж байв. Өөрөөр хэлбэл, залуус ихэвчлэн дээд боловсрол эзэмшиж, түүндээ тохирох өндөр цалинтай ажлын байр хайдаг. Гэтэл бичил бизнесээс эхлээд үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд нарийн мэргэжлийн ажилтны дутагдалд ороод байгаа юм. Үүнээс үүдэн хөдөлмөрийн зах зээл дэх ажиллах хүчний эрэлт, нийлүүлэлтэд ихээхэн зөрүү үүсч байгааг учирлаж байлаа. Түүнчлэн залуусыг ажлын ачаалал даах чадварт сургах чиглэлд нөлөөллийн ажил зохион байгуулах хэрэгтэй гэсэн санал хэлж байв.

Чингэлтэй дүүрэгт 158 мянган иргэнтэй. Цаашдаа энэ тоо тогтмол өсч, 2030 он гэхэд 200 мянга гаруй болох төлөвтэй байгаа юм. Үүнийг дагаад хүн амын нийгмийн хамгааллыг сайжруулах, агаар орчны бохирдлыг бууруулах зэрэг олон асуудал дүүргийн удирдлагуудын өмнө тулгарч байна. Энэ бүхнийг шийдвэрлэхийн тулд иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах нь туйлын чухал гэдгийг тус дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат дурьдлаа.

Тэрбээр, “Ажил олгогчдод ээлтэй орчин бүрдүүлэх, тогтвортой ажлын байрыг бий болгох нь дээрх асуудлыг шийдвэрлэх гарц юм. Тиймээс төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд ажил олгогчидтой тогтмол уулзаж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх болно. Мөн “Чингэлтэй” үндэсний бренд бүтээгдэхүүнтэй болох чиглэлд хувийн хэвшилтэйгээ хамтран ажиллана” гэлээ.

Зөвлөгөөний үеэр Чингэлтэй дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Татварын хэлтэсээс иргэн, аж ахуйн нэгжүүдэд хууль зүйн зөвлөгөө үзүүлж, зарим төрлийн үйлчилгээг шуурхай үзүүлж байна. Түүнчлэн тус дүүргийн үйлдвэрлэгчид бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтэд танилцуулав.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр
相关新闻