Хөдөлмөрийн хүрээний суурь зарчим, эрхийн хэрэгжилтийг сайжруулах шаардлагатай гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-12-06 17:41:13
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Даяаршлын энэ эрин үед Монгол Улс дэлхий нийттэй хөл зэрэгцэн алхаж, олон улсын худалдаа, өртгийн сүлжээнд нэгдэхийн тулд эдийн засаг, нийгэм, хүний эрхийн шаардлагыг биелүүлэх шаардлагатай гэдэгт ноос ноолуурын  салбарынхан өнөөдөр төвлөрлөө.

Хүний эрхийн Үндэсний Комисс Европын Холбооны дэмжлэг, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын текникийн туслалцаатайгаар хувийн хэвшлийн салбараас худалдаа үйлчилгээ, ноос ноолуурын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй жижиг дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудын хөдөлмөрийн хүрээний суурь зарчим ба эрхийн хэрэгжилтийг судалсан байна.

Эл судалгааны тайланд үйлдвэрлэлийн явцад хөдөлмөрийн хүрээний суурь зарчим ба эрхийг хангах шаардлага тулгарч байгааг онцолжээ. Энэ асуудлаар  жижиг дунд үйлдвэр эрхлэгчид болон холбогдох байгууллагынхан "Бишрэлт" зочид буудлын хурлын танхимд хэлэлцүүлэг өрнүүлэв.

Дээрх судалгааны зорилго нь худалдаа үйлчилгээ, ноос ноолуурын салбарт үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгж байгуулагуудын хөдөлмөрийн хүрээний суурь зарчим ба эрхийн хэрэгжилтийг судалж, сайжруулахад чиглэсэн зөвлөмж өгөхөд оршжээ.

Судалгаанд Улаанбаатар, Орхон, Дархан-Уул аймагт худалдан үйлчилгээ ноос, ноолуурын салбарт ажиллаж буй жижиг, дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагынхан хамрагдсан байна.

Дээрх судалгаагаар “Албадан хөдөлмөр”-ийн хамгийн нийтлэг шинж болох ажилтны хувийн баримт бичиг, эсвэл цалинг ажил олгогчид барьцаа болгож авч байгаа тохиолдол илэрчээ.

Ажил олгогчид ажилтнуудынхаа насыг шалгаж авдаггүйгээс насанд хүрээгүй хүүхэд хөдөлмөр эрхлэх тохиолдол мэр сэр гардаг байна. Мөн “Ажлын байран дахь дарамт” харьцангуй нийтлэг бөгөөд эмэгтэйчүүд, залуу ажилтнууд дарамтад илүү өртдөг байдал ажиглагдсаныг судалгаанд дурджээ.  Улмаар ажилтнууд үйлдвэрчний эвлэлийн үүрэг, ашиг тусын талаар ойлголт муутайгаас гадна “хамтын хэлэлцээ, хамтын гэрээ”-ний тухай ойлголт хангалтгүй байгааг  өнөөдрийн хэлэлцүүлгээр тодотгосон юм.

Ийнхүү худалдаа үйлчилгээ, ноос ноолуурын салбарыхан төдийгүй бүх аж ахуйн нэгжүүд хөдөлмөрийн хүрээний суурь зарчим буюу эвлэлдэн нэгдэх эрх чөлөө, албадан хөдөлмөрийн бүх хэлбэрийг хориглох, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгах, хөдөлмөр эрхлэлт дэх бүх төрлийн ялгаварлан гадуурхалтыг зогсооход анхаарах нь чухал гэдэгт төвлөрөв.
 Б.Заяа
相关新闻