Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-12-06 15:49:54
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын VI хуралдаан 100 хувийн ирцтэй хуралдаж, аймгийн 2018 оны төсвийг баталлаа. Аймгийн төсвийн орлого, зарлагыг 54 тэрбум 169,3 сая төгрөгөөр баталсан байна.
Булган аймгийн ирэх оны төсвийн онцлогийн талаар аймгийн Засаг даргын Тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга О.Насанжаргалаас тодруулахад, Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж чадсан нь хамгийн чухал юм. Төсвийн урсгал зардлыг энэ жилийнхээс тодорхой түвшингээр бууруулах замаар хөрөнгө оруулалтыг нэмэгдүүллээ. Аймгийн төсвийн хөрөнгө оруулалт өнгөрсөн оноос 32.5 хувиар нэмэгдэж, 2,7 тэрбум төгрөгөөр батлагдсан. Ирэх онд болох аймаг байгуулагдсаны 80 жилийн ой угтсан бүтээн байгуулалтын ажилд хөрөнгө оруулалт чиглэгдэнэ. Нөгөө талаар урсгал зардал хэмнэхээр бичиг хэрэг, томилолт, унааны зардлыг хасч төрийн үйлчилгээг зарим талаар доголдуулж байсныг ирэх оноос багасгаж, төрийн байгууллагын урсгал зардлыг боломжит хэмжээнд төсөвлөсөн гэж ярилаа.
Аймгийн төсөв өнгөрсөн оноос 1,6 орчим  тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь аймгийн эдийн засаг өсч байгаагийн нэг үзүүлэлт гэж мэргэжилтнүүд үзэж байна.
М.Батжаргал
相关新闻