НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн тогтоолыг мөрдөхөө БНАСАУ-ын Элчин сайдад тайлбарласан гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2017-12-05 18:19:01
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс Хойд Солонгосын иргэдийг албадан нутаг буцаах талаар зарим мэдээллийн хэрэгслээр гарсан.

Энэ талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас тодруулахад, “Энэ асуудлыг УИХ дахь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хаалттай хэлэлцсэн. Хаалттай хэлэлцсэн асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. НҮБ гишүүн орнууд нь мөрдөх эсэхээ өөрсдөө шийдэх, эсхүл заавал хэрэгжүүлэх гэсэн хоёр төрлийн тогтоол, зөвлөмж гаргадаг. Энэ удаад НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс гишүүн улс орнуудын заавал хэрэгжүүлэх ёстой тогтоол гаргасан. Үүний дагуу гэрээгээр ажиллаж буй иргэдэд чиглэсэн тодорхой арга хэмжээ авч байгаа. Арга хэмжээг хэрэгжүүлж эхлэхийнхээ өмнө миний бие БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдтай уулзсан. НҮБ-ын гишүүн орны хувьд Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зайлшгүй дагаж мөрдөх шаардлагатай болсон гэдгээ албан ёсоор тайлбарласан” хэмээв.

Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг зогсоох зорилгоор НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс хоёр төрлийн тогтоол гаргасан байна. Дээрх тогтоолуудаар НҮБ-ын гишүүн орнуудад хөдөлмөр эрхэлж буй Хойд Солонгосын иргэдийг нутаг буцаахыг үүрэг болгожээ.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр
相关新闻