Дундговьд оторлож байгаа Өвөрхангайн малчдаас төлбөр авахгүй байхыг санууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-12-05 18:15:00
Өвөрхангай /МОНЦАМЭ/. ХХААХҮ-ийн салбарын сайд Б.Батзориг, ХНХ-ын салбарын сайд Т.Чинзориг тэргүүтэй ажлын хэсэг өнгөрөгч амралтын өдрүүдэд Өвөрхангай аймгийн Бүрд, Баян-Өндөр, Сант суманд болон Дундговь аймгийн хил залгаа сумдад ажиллалаа.
Сүүлийн хоёр жилд улсын хэмжээнд хамгийн олон мал тоолуулсан Өвөрхангай аймагт энэ жил 5 сая 800 орчим толгой мал өвөлжиж байгаа бөгөөд бэлчээрийн даац гурав дахин хэтэрсэн, өнгөрсөн сард бороо орж үүний араас цас дарсан зэргээс шалтгаалан 10-аад сум зудын байдалд байгаа юм. Одоогоор нэг сая гаруй малыг өөрийн аймгийн сумдад, 150 өрх айлын 200 орчим толгой малыг бусад аймгийн нутагт оторлуулж байна. Гэвч хил залгаа сумдын удирдлагуудаас оторлож очсон малын тоогоор нэг мянган төгрөг авах дарамт учруулж байгааг малчид салбарын сайддаа дуулгалаа. Энэ талаар аймгийн Засаг дарга Г.Ганболд хэлэхдээ “Отроор малчид олноор очиж байгаа сумдад сургууль, эрүүл мэндийн байгууллага, хэв журам сахиулах цагдаагийн албаны ачаалал нэмэгддэг учраас энэ чиглэлийн зардлыг өөрийн аймгаас оторчид авсан Дундговийн сумдад өгч болно. Худаг ус, бэлчээрийн даац гээд хүндрэлтэй асуудал олон гарахыг ойлгож байна. Гэхдээ нүүж очсон айлуудыг хөөж туух, малыг нь элдэж хөөх зэрэг үйлдэл сүүлийн үед газар авах төлөвтэй боллоо. Нүүж очсон малчид нутгийн иргэдтэй өвөлжөө бууц ашиглах тохиролцоог 1,5-2,0 сая төгрөгөөр хийж байгаа. Гэтэл дээрээс нь сум орон нутаг нь нэмж малын тоо толгой бүрээс төлбөр авна гэх нь малчдад эдийн засгийн хувьд маш хүнд тусч байгаа тул энэ асуудлыг шийдэх хэрэгтэй байна” гэж байв.
Тиймээс ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг хоёр аймгийн удирдлагууд, иргэд, малчдын төлөөллийг хамруулан отрын бүс нутаг болох Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд уулзалт хийж, Дундговь аймгийн сумдын удирдлагуудад Өвөрхангай аймгийн малчдаас төлбөр хураамж авахгүй байхыг санууллаа. Тэрбээр аль ч аймгийн ямар ч суманд оторлож байгаа малчдад төлбөрийн дарамт үзүүлэх хууль эрх зүйн орчин, тогтоол шийдвэр байхгүй гэдгийг мэдэгдэж, харин малчид хоорондоо тохиролцоод өвөлжөө бууцаа ашиглах хэрэгтэй хэмээн зөвлөсөн юм.
Мөн С.Чинзориг сайд “Хашаа хороо ашигласнаас гарч болох зардлуудаа иргэд хоорондоо тохиролцоод мөнгө төгрөг авч өгөлцөж болох ч сум орон нутгийн удирдлагууд отроор яваа малчдаас төлбөр авах, иргэдийг хөөж туух үйлдлийг гаргахгүй байх”-ыг онцгойлон сануулж, отрын бүс нутагт тулгамдаж буй зарим асуудлыг шийдэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв.
Б.Батчимэг
相关新闻