Нүүрс тээвэрлэлтийн замаас шороон зам руу буух гармуудыг хаалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-12-01 15:36:14
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Тавантолгойн уурхайгаас Гашуун сухайт боомт руу нүүрс тээврийн хатуу хучилттай замаас шороон зам руу буух хэсгүүдийг хаалаа.
Зориулалтын бус замаар тээвэр хийх зөрчил буурахгүй байгаа учраас Ханбогд сумын Жавхлант багийн нутаг дэвсгэрийг бүхэлд нь доройтуулж, малчид амьдрах аргагүй, мал нь бэлчих бэлчээргүй болоход хүрээд байгаа юм. Тиймээс үүнийг таслан зогсоохоор тус сумын удирдлагууд, албан хаагчид, малчид, иргэд, цагдаа хамтран ээлж ээлжээр эргүүлд гарч байгаа юм. Гэвч хүн хүч, техник хэрэгсэл дутагдалтай байгаагаас зориулалтын бус замаар тээвэр хийж байгааг бүр мөсөн таслан зогсоож чадахгүй байна.
Иймд Оюутолгой ХХК-нд хүсэлт тавьсаны дагуу техник хэрэгслийн тусламж авч, малчидтайгаа зөвлөлдсөний дагуу нүүрс тээврийн зам дагуу гарц, малын гармуудыг  хаах ажлыг зохион байгуулж байна гэж Ханбогд сумын ЗДТГ-аас мэдээллээ. Одоогоор гарц, гармуудыг нүүрс тээврийн машин зорчихгүй байхаар хааж, шуудуу татаж, эргүүлийн постыг ажиллуулж байгаа ажээ. 
11 дүгээр сарын 29-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар уртын урт буюу уурхайн амнаас шууд тээвэрлэн хилээр гардаг тээврийг цуцалж, урт-богинын тээвэрт шилжих шийдвэр гарсанд нутгийн олон талархаж байна. Харин орон нутгийнхан Засгийн газрын шийдвэр хэрэгжиж, хэвийн үйл ажиллагаанд ортол эргүүл хяналтаа үргэлжлүүлэх юм.
Д.Мишигсүрэн
相关新闻