Хашаатад "Хүүхэд хөгжил хамгаалал"-ын анхдугаар чуулган болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-11-30 14:29:51
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Хашаат сумын “Хүүхэд хөгжил хамгаалал”-ын анхдугаар чуулган энэ сарын 27-ны өдөр боллоо. Чуулганд тус сумын ЕБС-ийн анги тус бүрээс сурлага, урлаг, спортоороо шалгарсан тус бүр дөрвөн хүүхэд, эцэг эхийн төлөөлөл, байгууллагын дарга, эрхлэгч нар, дотуур байрны багш, жижүүр, анги удирдсан багш нар, цагдаа, хэсгийн төлөөлөгч гээд 130 гаруй төлөөлөл оролцсон байна. Чуулганаар Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, сумын хамтарсан багийн үйл ажиллагааны тайлан, эрүүл амьдрал идэвхтэй хөдөлгөөний тухай мэдээлэл, сургалтыг зохион байгуулсан байна.

Чуулганд оролцогчдыг “Хүүхэд хамгаалал”, “Хүүхдийн хөгжил оролцоо”, “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал” гэсэн сэдвээр гурван хэсэгт хуваан хэлэлцүүлэг зохион байгуулж, хүүхдийн хөгжил оролцоо ямар байна вэ?, цаашид хүүхэд рүү чиглэсэн ямар арга хэмжээ авч ажиллах талаар хэлэлцүүлэн нэгдсэн зөвлөмж гарган баталж “Хүүхдийн элч”-ийг сонгон андгай өргөн батламжилжээ.

Харин чуулганыг угтан бага ангиудын дунд “АХА” тэмцээн, дунд ахлах ангиудын дунд “Байгаль хамгаалахад хүүхэд бидний оролцоо” эссэ бичлэгийн уралдаан, сумын Засаг даргын ивээл дор ахлах, дунд ангиудын дунд “Амжилтын гараа” сагсан бөмбөгийн тэмцээн зэрэг урлаг, спортын тэмцээнийг зохион байгуулсан байна.

Уг чуулганыг Хашаат сумын ЗДТГ, сумын ЕБСургууль, сумын гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжил хариуцсан мэргэжилтэн, Хүүхэд хамгааллын хамтарсан баг, Хүүхдийн төлөө зөвлөл, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлтэй хамтран зохион байгуулжээ.

Б.Гэрэлт-Од
相关新闻