Хятад улс зарим бараа бүтээгдэхүүний гаалийн тарифыг бууруулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dorjkhand@montsame.mn
2017-11-27 17:21:29
БЭЭЖИН. /Би-Би-Си/. Хятад улс эдийн засгийн өсөлтөө хөхиүлэн дэмжих хүчин чармайлтын хүрээнд виски архинаас эхлээд ноолууран хувцас хүртэлх 187 нэр төрлийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнд ногдуулах гаалийн тарифыг бууруулах шийдвэр гаргасан тухай “Шиньхуа” агентлаг мэдээлэв.

Хятадын Сангийн яамнаас өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр гаргасан мэдэгдэлд дурдсанаар, дотооддоо үйлдвэрлэдэггүй зарим төрлийн эм тариа, хүнсний бүтээгдэхүүн, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, ноолууран хувцас зэрэг 187 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний гаалийн тарифыг ирэх сарын 1-нээс дунджаар 7.7-17.3 хувиар бууруулах ажээ.

Хятадын иргэдийн гадаад улс орнуудад аялан бараа бүтээгдэхүүн худалдан авахад зарцуулж буй мөнгийг эх орноосоо бараа худалдан авахад зарцуулдаг болгож, эдийн засагтаа дэмжлэг үзүүлэхийн тулд тус яам ийм шийдвэр гаргасан байна.
Г.Доржханд
相关新闻