Шилдэг 140 хүүхэд андгай өргөх ёслолд оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-11-27 00:36:00
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын хурлын их танхимд Монгол Улсын Иргэний андгай өргөх ёслолын арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээ нь өсвөр үе, залуучуудыг эх оронч үзэлтэй, ёс суртахууны өндөр соёлтой, хөдөлмөрч, хууль ёс заншилаа эрхэмлэн дээдэлдэг, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэхэд чиглэгддэг байна. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын зургаан сургуулийг төлөөлсөн хамгийн шилдэг 140 хүүхэд оролцож, тангарагаа өргөн, иргэний үнэмлэхээ гардан авлаа.
Монголын гэрэлт ирээдүй болсон 16 настнууд маань энэ өдөр “хүүхэд” гэх тодотголоо орхин “залуус” хэмээх эрхэм хүндтэй алдрын эздийн эгнээнд шилжин орлоо. Энэхүү үйл ажиллагааг аймгийн ЗДТГ, МЗХолбоо, аймгийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн хэлтсээс хамтран зохион байгууллаа.
Ч.Отгонцэцэг
相关新闻