Хорио цээр тогтоосон бүсийн айлуудад тусламж илгээв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-11-24 22:39:58
Сэлэнгэ /МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн Мандал суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан 30 хоногийн хугацаатай хөл хорио тогтоогоод байгаа билээ. Энэхүү үйл явдалтай холбогдуулан тус Мандалын тойргоос УИХ-д суусан Ж.Эрдэнэбат нутгийн иргэддээ тусламжийн цувааг илгээсэн байна.
Тэрээр энэ удаа Шүлхийн голомтод ажиллаж, амьдарч байгаа айл өрхийн түлшний хэрэгцээнд зориулан 680 тонн нүүрсийг Улаанбаатараас Зүүнхараа руу ачуулжээ. Дээрх нүүрсийг нэг өрхөд 500 кг байхаар тооцож, нийт 1360 өрхөд хуваан өгөх бөгөөд хамгийн түрүүнд түлшний хэрэглээ нэн шаардлагатай байгаа өрхөд тэгш хүртээмжтэй хувиарлахыг орон нутгийн Онцгой комисст даалгасан байна. Мөн Ж.Эрдэнэбатын зүгээс  хорио цээр тогтоосон бүсэд байгаа өрхүүдэд өвсний туслалцааг удахгүй хүргүүлэх гэнэ.
УИХ-ын гишүүн нутгийн ард иргэддээ хандаж “та бүхэн дор бүрнээ хорио цээрийн дэглэмээ сайтар сахиж, сумын онцгой байдлын комисс, удирдлагууд, ажилтан албан хаагчидтай нягт холбоотой байж, хамтдаа энэхүү өвчний ард гарна” хэмээсэн үгээр сэтгэлийн дэм хайрлажээ. 
Ч.Отгонцэцэг
相关新闻