"Эдээрээ биш эрдмээрээ гайхуулъя" уралдаан зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-11-23 23:55:56
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. “Эдээрээ биш эрдмээрээ гайхуулъя” facebook уралдааныг Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын ЕБС-ийн хамт олон иргэд, олон нийтэд хандан зарлаад явж байна. Монгол бичгээ эрхэмлэн дээдлэгч Цагааннуур сумын ЕБ-ийн сургуулийн хамт олон Монгол бичгийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа жилээс жилд өргөжүүлэн ажиллаж, сумын аж ахуйн нэгж, байгууллагын хаягийг монгол бичгээр бичих, сургалтын чанар арга зүйгээ сайжруулах зорилгоор Монгол бичгийн цахим бичвэрийг сургалтандаа хэрэглэж байгаа юм байна.  
Тус сургуулийнхан энэхүү facebook уралдаанаа иргэдийн үндэсний бичгээр унших суурь чадварт тулгуурлан зохион явуулж байгаа аж. Үндэсний бичиг үсэг, түүх соёлоо хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг бодитоор хэрэгжүүлэхийг зорьсон энэ үйлсэд иргэд олон нийтийг оролцуулах нь хамгийн үр дүнтэй арга хэмээн сургуулийн удирдлагууд үзжээ. Тэд үүгээрээ дамжуулан олон нийтийн оролцоо, хувь нэмрийг нэмэгдүүлэх, бичиг соёлын чадвараараа бахархах, хөгжүүлэх, хүсэл тэмүүлэлтэй болгох, бусад сум орон нутгийн иргэдэд  үлгэрлэх, санал санаачлагад нөлөөлөх зэрэг ажлуудыг хийх юм байна. Аян нь 11-р сарын 18-наас ирэх оны тавдугаар сарын 01 хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд өдөр бүр нэг материал нийтлэхээр төлөвлөжээ.
Мөн тэмдэглэлт ой, баяр ёслолыг тохиолдуулан азтай уншигч, чадварлаг уншигч  шалгаруулах тохиолдолд 3-9 эх нийтлэх бөгөөд иргэдийн оролцоог харгалзан шилдэг оролцогч, азтай уншигч, чадварлаг уншигч гэсэн ангиллаар шалгаруулах гэнэ. Азтай уншигч, чадварлаг уншигчийг тухай бүр нь хугацааг товлон шагнаж урамшуулах ажээ. Өмнө нь эднийхэн 8-12–р ангийн сурагчдын дунд “Монгол бичгийн стандарт олимпиад”-ыг уламжлал болгон зохион байгуулж иржээ. Мөн иргэдийн дунд “Монгол бичгийн хичээнгүй сайхан бичигтэн”, “Уран бичлэгээр нэрээ хэн зөв бичих вэ?“ гэх зэрэг уралдаан тэмцээнийг зохион байгуулсан байна.
Ч.Отгонцэцэг
相关新闻