Архангай аймаг сургалтын чанараараа эхний 10-т орох зорилго тавьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-11-23 15:58:54
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудын удирдах ажилтны сургалт семинарыг энэ сарын 23-24-ний өдрүүдэд аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас зохион байгуулж байна. Уг сургалтан аймгийн Ерөнхий боловсролын 33 сургуулийн захирал, сургалтын менежер гээд нийт 88 хүн хамрагдаж байна.

Энэхүү сургалт, семинар нь 2017-2018 оны хичээлийн жилд Монгол Улсын Засгийн газар, Архангай аймгийн Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас боловсролын талаар гаргасан шийдвэрүүдийн хэрэгжилтийг хангах, анхаарч ажиллах асуудлуудыг хэлэлцэж, нэгдсэн дүгнэлтэнд хүрэх, бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилтийн өнөөгийн байдалд дүгнэлт өгөх, нарийвчилсан мэргэжил арга зүйн зөвлөгөө зөвлөмжөөр ханган ажиллахад чиглэсэн юм.

Сургалт семинарын бас нэг гол асуудал нь боловсролын бүх түвшин дэх сургалтын чанарыг хэрхэн яаж сайжруулах, өнөөдрийн түвшин, ирээдүйд хүрэх түвшний талаар ярилцсан явдал байв. Сургалтын чанарыг гаргахдаа боловсролын чанарын үнэлгээ гэж 5, 9 11-р ангийн сурагчдаас авдаг шалгалтын дүн, төгсөх ангийн шалгалт болон элсэлтийн ерөнхий шалгалтын дүн гэсэн гурван үзүүлэлтэд хийсэн анализыг харгалздаг ажээ.
Архангай аймаг боловсролын үнэлгээний үзүүлэлтээр бага боловсролын сургалтын чанараар 16-18-д, суурь боловсролын түвшингээр 18-д, бүрэн дунд боловсролын түвшингээр 17-д жагсдаг байна. Элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр 16-р байранд буюу өөрөөр хэлбэл Архангай аймгийн сургалтын чанар улсад 16-17-р байранд жагсаж байна. Энэ байрыг урагшлуулах шаардлагатай гэдгийг семинарын үеэр багш нар ярилцсан бөгөөд үүний тулд ангид орж байгаа нэгж хичээлийн төлөвлөлтийг сайжруулах, багш нарын үнэлгээг үнэн зөв болгох, суурь хичээлүүдийн функтуудыг зөрүүг гаргах хэрэгтэй гэж үзэж байлаа. Мөн энэ чиглэлээр сургуулиудын удирдлагуудад зөвлөмж өглөө. Ингэснээр ирэх хичээлийн жилүүдэд улсад эзэлдэг байруудаа 1-2 байраар ахиулах, 2020 он гэхэд улсын хэмжээнд сургалтын чанараараа эхний 10-т орох бодлого барьж, төлөвлөлт хийж байна.
 
Б.Гэрэлт-Од
相关新闻