Хойд чиглэлийн галт тэрэг Зүүнхараа өртөөнд зогсохгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-11-21 00:26:08
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал суманд Улсын Онцгой комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр тэргүүтэй шуурхай бүлэг өнөөдөр ажиллаж, сумын Онцгой комиссынхонд үүрэг чиглэл өглөө.
Сэлэнгэ аймгийн Мандал сум нь 26880 хүн амтай, 586 аж ахуйн нэгжтэй, авто болон төмөр замаар Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймагтай холбогддог. Мөн тус сумын төвд 23 мянга гаруй мал, 1000 гаруй гахайтай. Үүнээс өнөөдрийн байдлаар шүлхий өвчнөөр өвчилсөн есөн өрхийн 53 үхрийг устган, бусад малд вакцин хийж эхлээд байна.
Тиймээс Улсын Онцгой комиссоос Улаанбаатар-Дархан-Сүхбаатар өртөө хүртэлх 271, 263, 264 дүгээр галт тэрэг, Зүүнхараа-Дархан-Эрдэнэт чиглэлийн 263, 312, 264 дүгээр галт тэрэг, Улаанбаатар-Зүүнхараа-Дархан чиглэлийн 301, 302 дугаар галт тэргийг Зүүнхараа өртөөнд зогсоохгүй, Зүүнхараа-Улаанбаатар чиглэлийн 282 дугаар галт тэргийг замын өртөөнүүдэд зогсоохгүйгээр явуулах шийдвэр гаргалаа.
Мөн БСШУСЯ-тай хамтран цэцэрлэг, сургуулийн хичээлийг өнөөдөр буюу энэ сарын 20-ны өдрөөс эхлэн тав хоногийн хугацаанд түр зогсоохоор шийдлээ. Харин шүлхий өвчин гарсан шалтгаан нөхцлийг яаралтай тогтоохыг Тагнуул, цагдаагийн газруудад үүрэг болгосон байна.
Тус Мандал суманд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан ОБЕГ-ын ГШУГ-ын дарга, хурандаа Б.Мандахгэрэл, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Баатар нараар ахлуулсан ажлын хэсэг тус суманд хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байгаа билээ.
Ч.Отгонцэцэг
相关新闻