Үндсэн хуулийг өөрчлөх нь цаг хугацааны хувьд боломжгүй гэв
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Сонгуулийн хуулийн төсөл, 2016 оны улсын нэгдсэн төсвийн асуудлаар байр сууриа нэгтгэв.
МАН-ын бүлгийн хувьд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг цаг хугацааны хувьд дэмжихгүй байгааг бүлгийн дарга дахин С.Бямбацогт онцлов. Тэрбээр УИХ-д өргөн мэдүүлээд байгаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл нь 50 орчим заалт хөндөгдөж байгаа гээд Үндсэн хууль өөрчлөгдсөнтэй холбогдуулж олон хууль тогтоомжид өөрчлөлт оруулах шаардлага гарах учир давчуу хугацаанд шийдвэрлэж болохгүй гэлээ. Үндсэн хуулийн дээрх өөрчлөлт нь хуулийг шинээр батлах хэмжээнд хүргэх учир энэ УИХ-ын хугацаанд яаран шийдвэрлэх ёсгүй гэж тус бүлэг үзэж байгаа аж.
Сонгуулийн хуулийн тухайд тус хуульд ард иргэдийн өгсөн саналыг тусгаж, зөвшилцлийн үр дүнд батлах ёстой гэсэн байр суурьт тус бүлэг нэгджээ. Учир нь УИХ-д өргөн баригдаад байгаа сонгуультай холбоотой дөрвөн хуулийн төсөлд эрх барьж буй намууд саналаа нэгтгэж чадахгүй, СЕХ ч УИХ-ын ажлын хэсгийн боловсруулсан хуулийн төслийг дэмжээгүй гэв. Тиймээс нэгдсэн шийдвэрт хүрч, булхайгүй сонгууль явуулах бүхий л боломжийг бүрдүүлэх хууль батлахын тулд сайтар зөвлөлдөх шаардлагатай гэлээ.
Ирэх 2016 оны улсын нэгдсэн төсөв нь эдийн засгийн хямралыг сөрсөн төсөв болж чадаагүй, хөөсөрсөн, эдийн засгийн тооцоо судалгаа бодитой бус хийсэн, өрийн ачааллыг нэмэгдүүлсэн, мөнгөний бодлого явуулах орон зайг хязгаарласан туйлын хариуцлагагүй төсөв болсон гэдгийг тус бүлгээс мөн онцолж байв. Төсвийн хэлэлцүүлгийн үеэр МАН-ын бүлгээс тавьсан саналуудын дийлэнх нь зардал бууруулах санал байсан ч эрх баригчид хүлээж аваагүй гэлээ.
Мэдээллийн төгсгөлд МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө шатаах оролдлого хийсэн талаар байр сууриа илэрхийлэв.Тэрбээр "УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл С.Эрдэнийг эргэж очсоны дараа бүлэгтээ мэдээлэл хийсэн. Энэхүү үйлдэл нь ажилгүйдэл нүүрлэж, үүнээс улбаатай ядуурал газар авч ард иргэд аргаа барсны илрэл. Засгийн эрх барьж буй АН хүч түрж аливаа асуудлыг шийдэх гэж оролддог болсон. Энэ асуудалтай холбогдуулан зөвхөн компанийн захиралтай нь хариуцлага тооцоод өнгөрч болохгүй. Ийм байдалд хүргэсэн төр засгийн удирдлагууд хариуцлага хүлээх ёстой" гэв.
Н.Гантуяа