“Монгол бахархлын өдөр”-ийн тэмцээнд таван баг өрсөлдөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-11-20 12:55:01
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 111 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан таван байгууллагын 25 албан хаагчдын дунд танин мэдэхүйн тэмцээнийг Нийтийн номын сангаас зохион байгуулав.

Их эзэн Чингис хааны талаар иргэдэд зөв ойлголтыг өгч, түүхт хүний аж амьдрал онцлогийн талаар сурталчлан дэлхийд таниулах, улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх төрт ёс, түүх, соёл, уламжлалыг гүнзгийрүүлэн судалж хойч үедээ өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон уг тэмцээнийг зохион байгуулдаг гэдгийг Нийтийн номын сангийн дарга А.Ням-Од онцолж байв. 

Энэ жилийн “Монгол бахархлын өдөр”-т зориулсан танин мэдэхүйн уралдаанд "Маарамба", аймгийн Онцгой байдлын газар, "Төв Чандмань" ДЭХГ, "Эрчим", "Алаг мэлхий" гэсэн багууд мэдлэг, ур чадвараараа өрсөлдөв.

Тэмцээний тэргүүн байрт аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын “Алаг мэлхий” баг, дэд байрт аймгийн Нэгдсэн эмнэлгийн “Маарамба” баг шалгарсан бол гуравдугаар байрт Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн “Эрчим” багийн хамт олон шалгарчээ. Мөн тэмцээний үеэр Нийтийн номын сангаас “Ном солилцох, хандивлах аян”-ыг зохион байгуулж 60 гаруй иргэн оролцсон аж.

Т.Есүхэйтөмөр
相关新闻