Үзлэгт хамрагдсан иргэдээс 43,6 хувь нь илүүдэл жинтэй гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-11-20 11:04:50
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Жаргалант сумын Эрүүл мэндийн төвөөс ДЭМБ, Соросын сангийн санхүүжилтээр "Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх" төслийг 6 сараас 10 дугаар сарын 31-ний хооронд хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд Жаргалант сумын 18-65 насны иргэдийн 90 гаруй хувийг халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлэг үзлэгт, ахмад настан болон 0-5 хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эхчүүдийг гэрийн эргэлтийн явуулын үзлэгт хамруулжээ.

Өөрөөр хэлбэл нийт иргэдийн 93 хувийг явуулын, идэвхтэй эргэлтийн, суурин үзлэгийн хэлбэрээр үзэж оношлон, эмчлэн эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллажээ.

Жаргалант суманд хэрэгжсэн "Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх" төслийн хүрээнд хийсэн үзлэгт 18-65 насны 1911 иргэн хамрагдсанаас 43,6 хувь нь илүүдэл жин, таргалалттай, 40-65 насны иргэдийн 39,8 хувь нь артерийн даралт ихсэлттэй, 0,7 хувь нь чихрийн шижинтэй, 40,6 хувь нь холестриний түвшин их, 9,2 хувь нь элэгний В вирусийн халдвартай, 10,3 хувь нь элэгний С вирусийн халдвартай байжээ. Харин 18-39 насны залуучууд дунд тэмбүүгийн тохиолдлын хувь 2,9 гэж гарчээ.

Б.Гэрэлт-Од
相关新闻