Ойгоо хамгаалах, ашиглахын зэрэгцээ ажлын байр нэмэгдүүлэх боломж нээгдэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-11-20 00:58:27
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол орны ой жилд дунджаар 47-50 мянган га-гаар доройтож байгаа нь эрдэмтдийн судалгаагаар тогтоогдсон байна. Иймд жилээс жилд доройтож үгүй болж байгаа ойгоо хамгаалж үлдэхийн тулд урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийг боловсруулан ажиллах шаардлага зайлшгүй гарч байгаа аж.
Иймээс Байгаль орчин, аялал жуулчлалын яам, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа Олон Улсын байгууллагуудтай хамтарч ойн тогтвортой менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулан төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Энэхүү төсөл нь монгол орны ойн сан бүхий гурван аймагт “Ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах” нь гэсэн чиглэлээр хэрэгжих гэнэ. 
Ойн тогтвортой менежмент төслийн тухайд өмнө нь монгол оронд хэрэгжиж байсан байна. Ингэхдээ менежмент төлөвлөгөөнд огт захирагдахгүй, сум орон нутаг өөрсдөө дур мэдэн хуваарилагдсан мод болон ойн баялгийг ашиглах явдал нэлээд гарч байжээ. Иймээс энэ байдалд дүгнэлт хийж, цаашид энэ байдлаараа удаан явах боломжгүй, өөрчлөх нь зүйтэй гэдэг шийдэлд хүрчээ.  
Ойн хомсдолд хүргэж буй гол хүчин зүйлсэд ой хээрийн түймэр, хөнөөлт шавьж, ойн баялагийг зүй зохисгүй ашиглах зэрэг ордог байна. Иймд ойг хамгаалахын тулд ойн тогтвортой менежментийн төлөвлөөний дагуу ажиллах нь нэн чухал гэлээ.
Ер нь ойн нөөцийг тогтвортой ашиглахын тулд тогтвортой ажиллах мэргэшсэн хүний нөөц, хөрөнгө нэн түрүүнд байх ёстой аж. Ингэхийн тулд ойг хамгаалах, нөхөн сэргээх зардалд байгалийн нөөц ашигласны орлогыг буцаагаад байгаль хамгаалахад үйлсэд нь хуулийн дагуу зарцуулж чадвал энэ менежмэнт төлөвлөгөө хэрэгжих боломжийг бүрдүүлнэ гэж Сэлэнгэ аймгийн БОАЖГ-ын ойн албаны дарга Г.Цэнгэлзаая хэллээ. Байгаль хамгаалах ажилд нөхөрлөл, ойг гэрээгээр эзэмшигч иргэд, байгаль хамгаалагчид, аж ахуйн нэгжүүдтэй хамтарч ажиллаж үр дүнд хүрэх юм байна.   
Ингээд төсөлд шалгарсан аймгуудад уулзалт хэлэлцүүлгийг ийнхүү зохион байгуулж байгаа аж. Уулзалтын үеэр Сэлэнгэ аймгийн БОАЖГ-ын Ойн албаны дарга Г.Цэнгэлзаяа “Сэлэнгэ аймаг нь 1.9 сая га ойтой. Газар нутгийн 43.6 хувийг ойн сан бүхий газар нутаг эзэлдэг. 180 орчим ойн нөхөрлөлтэй. Эдгээр ойн нөхөрлөлүүд нь 500.0 мянга гаруй га ойн сан бүхий газар нутгийг гэрээгээр эзэмшиж, байгаль хамгаалах болон нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулж байна. Ойн нөөц ихтэй манай аймгийн тухайд энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлж чадвал ойгоо хамгаалангаа ашиглаж бас ногоон ажлын байрыг нэмэгдүүлэх бололцоотой” гэдгийг онцоллоо.
Хэлэлцүүлэгт Сэлэнгэ аймгийн Бэлчир, Хараа, Ерөө бүсийн ойн ангийн байцаагчид, байгаль хамгаалагч мөн ойн мэргэжлийн байгууллага, нөхөрлөлүүд, хувь иргэдийн төлөөлөл болсон нийт 60 гаруй иргэн хамрагдлаа. Энэхүү төсөл нь НҮБ-ын санхүүжилтээр хэрэгжих ажээ.
  Ч.Отгонцэцэг
相关新闻