"Эрдэм" цогцолбор сургуулийг Б.Имашханы нэрэмжит болголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-11-17 18:56:37

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 148 тоот тогтоолоор Өлгий сумын "Эрдэм" цогцолбор сургуулийг зохиолч, яруу найрагч Б.Имашханы нэрэмжит болгожээ.

Монголын Зохиолчдын эвлэлийн шагналт Б.Имашхан нь 1938 онд Улаанхус сумын нутагт төржээ. Тэрээр "Тэлмэн хүрэн", "Хунгийн дуулал", "Хайрын нүдээр", "Тандайбай цэцэн", "Гарамгүй гол", "Сэргэлэн давалгаа" зэрэг 11 номоо казах хэлээр, "Домборын эгшиг", "Уул шиг эр болоорой", "Аянгат өдрүүд" номоо монгол хэлээр туурвин олны хүртээл болгож байжээ. "Анхны хайр", "Ариун цусны дусал", "Харатау уулын хараацай", "Эвийг олсон нь" зэрэг жүжгийн зохиол бичихийн чацуу Монголын орчин үеийн уран зохиолын нэрт төлөөллүүд болох Д.Нацагдорж, Д.Сэнгээ, Б.Явуухулан, Д.Гармаа, Д.Содномдорж, Л.Түдэв нарын бүтээлүүдийг, "Монголын нууц товчоо"-г хэсэгчилж казах хэлнээ орчуулан утга зохиолын хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулжээ.

Б.Имашхан агсан 1992 онд Казахстан Улсад шилжин суурьшиж, 1998 он хүртэл амьдарч байсан юм.

Дээрх тогтоолын хүрээнд "Эрдэм" цогцолбор сургуульд зохиолчийн алдар гавьяаг мөнхжүүлэх зорилгоор нэрэмжит анги, танхим бий болгох, гэр музей байгуулах, бүтээлүүдийг нь олон нийтэд сурталчлах ажлуудыг ирэх хичээлийн жил хүртэл зохион байгуулагдах ажээ. 

Ө.Нурболат

相关新闻